Дорнод Африкийн Кени улсын эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагийг мод тарих бүх нийтийн амралтын өдөр болгожээ.
Энэ өдөр Кени даяар нийтдээ 100 сая мод суулгах зорилт тавьсан байна.
Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто улс оронд нь сүүлийн 40 жилд тохиогоогүй их ган гачиг болсны дараа 2032 он хүртэл 15 тэрбум мод тарих хөтөлбөр зарласан юм.
Даваа гарагийн мод суулгалт нь энэ хөтөлбөрийн эхлэл болж байна.
50 гаруй сая хүн амтай Кени улсын иргэн бүр хоёр мод суулгавал зорилгодоо хүрэхийг тус улсын байгаль орчны сайд Соипан Туяа мэдээлжээ. Иргэн бүрийн оролцоог хангахын тулд мод тарих өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосныг тэр тайлбарласан байна.
Гэхдээ сөрөг хүчнийхэн Рутогийн “хоёр нүүртэй” бодлого, үйл ажиллагааг шүүмжилцгээжээ.
Учир нь түүний засгийн газар өнгөрсөн долдугаар сард сүүлийн зургаан жил орчим хугацаанд үйлчилж байсан мод огтлох хоригийг цуцалсан юм.
Руто боловсорч гүйцсэн модыг өмхийрүүлэхийн оронд импортлох нь эдийн засагт ач тустай гэж шийдвэрээ тайлбарлаж байгаа.
2022 оны байдлаар Кени улсын газар нутгийн 8.8 хувийг ой мод эзэлж байжээ. Өнгөрсөн онд модны аж ахуй тус улсын эдийн засгийн 1.6 хувийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!