Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Каннын кино наадмын тэргүүн шагналыг Францын найруулагч эмэгтэй хүртлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

76 дахь удаагийн Каннын кино наадмын гол шагнал болох “Алтан дал модны навч”-ыг өчигдөр Францын найруулагч Жюстин Трие хүртлээ.

Тэрбээр тус наадмын түүхэнд уг шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй болж байна.

Триегийн найруулсан “Намрын анатоми” (Anatomie d’Une Chute) нэртэй кино Каннын наадамд өрсөлдсөн 20 бүтээлээс шилдгээр шалгарсан юм.

Наадмын хоёр дахь том шагнал болох Гран При шагналыг “Zone of Interest” киногоороо Их Британийн найруулагч Жонатан Глэйзер хүртжээ.

Дээрх хоёр кинонд хоёуланд нь Германы жүжигчин Сандра Хюллер дүр бүтээсэн юм. Гэхдээ шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Туркийн найруулагч Нүри Билгэ Чэйланы “ About Dry Grasses” кинонд алс бөглүү нутгийн багшийн дүрийг бүтээсэн Мерве Диздар хүртжээ.

Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг найруулагч Вим Вендерсийн “Perfect Days” кинонд Токио хотын жорлон цэвэрлэгчийн дүрийг бүтээсэн Японы жүжигчин Кожи Якүшо хүртсэн юм.

Шүүгчдийн тусгай шагналыг Финландын найруулагч Аки Каурисмаки “Fallen Leaves” киногоороо хүртжээ. Тэрбээр арав гаруй жилийн дараа Каннын наадамд дахин өрсөлдсөн хүн юм байна.

Шилдэг найруулагчийн шагналыг Франц-Вьетнамын найруулагч Чан Ань Хун “Le Pot-au-fue de Dodin Bouffant” киногоороо хүртжээ.

Энэ жилийн Каннын наадам хамгийн олон алдартнуудыг нэг дор цуглуулж чадсанаараа сүүлийн жилүүдэд болоогүй өргөн цар хүрээтэй үйл явдал болсон юм.

Тухайлбал Харрисон Форд, Мартин Скорсез, Роберт Де Ниро, Леонардо ДиКаприо, Изабел Розеллини, Шон Пенн, Жонни Деп зэрэг одод энэ удаагийн наадмын улаан хивсийг чимэглэжээ.

Эх сурвалж: Reuters