Өчигдөр Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт автомашины гарааш нурсны улмаас нэг хүний амь үрэгдэж, таван хүн бэртжээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржээс нэг километр хүрэхгүй зайд оршдог гурван давхар зогсоол орон нутгийн цагаар өдрийн 4:00 цагийн орчимд хэсэгчлэн нурсан байна.
Нуранги дор хүмүүс дарагдсан эсэхийг хотын гал түймэртэй тэмцэх албаныхан шалгаж эхэлжээ. Сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгт зогсоолын хоёр давхрын автомашинууд нэг давхрын автомашинуудын дээрээс унасан нь харагдаж байна.
Барилга нэмж нурах өндөр эрсдэлтэй байгаа тул аврагчдыг удалгүй буцаан гаргаж, оронд нь робот нохдыг оруулсан тухай Нью-Йоркийн Гал Түймэртэй тэмцэх албаны захирал Жон Эспосито мэдээлжээ.
Бас ослын нөхцөл байдлыг үнэлэхэд дрон ашиглаж байгаа юм байна.
Робот ноход нуранги дороос видео дүрс шууд дамжуулж байгаа гэнэ.
“Бурхны авралаар бидэнд робот нохой байгаа нь аврах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна” гэж Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс хэлжээ.
Автомашины зогсоол яагаад нурсан шалтгаан тодорхойгүй болоогүй ба зэргэлдээх барилгуудад нурах эрсдэл үүссэн эсэхийг шалгаж байгаагаа хотын албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: Associated Press, BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!