Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung хайлтын системээ сольж магадгүй тухай мэдээний улмаас Google-ийн хувьцааны ханш унав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны ханш 4 орчим хувиар унасан нь Өмнөд Солонгосын Самсунг компани бүтээгдэхүүнүүдийнхээ хайлтын системийг Майкрософтын Bing рүү шилжүүлж болзошгүй тухай мэдээ тарсантай холбоотой байв.

Онлайн хайлтын зах зээлд ноёлогч Google компани энэ бизнесээсээ жилд $162 тэрбумын орлого олдог. Саяхан Майкрософт компани Bing хайлтын үйлчилгээндээ ChatGPT хиймэл оюуны системийг нэвтрүүлсэн нь Google-ийг шинэ өрсөлдөөнд дуудсан хэрэг байв.

Хайлтын зах зээлд амжилт ололгүй олон жил явж ирсэн Майкрософт компани ChatGPT системийг хөгжүүлэгч OpenAI компанид олон тэрбумын хөрөнгө оруулснаар өрсөлдөөнд давуу талтай болоод байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдсэн мэдээнд Самсунг компани төхөөрөмжүүдийнхээ хайлтын системийг Google-ээс Bing рүү шилжүүлэх талаар судалж буй тухай дурдсан юм.

Google компани Самсунгтай байгуулсан гэрээнээсээ жилд $3 тэрбум орчмыг олдог байна.

Үүнээс гадна Apple компанитай $20 тэрбумын гэрээтэй байдаг. Apple-тай байгуулсан гэрээний хугацаа энэ онд дуусаж байгаа тул үргэлжлүүлэн сунгах асуудал яригдаж эхэлжээ.

Хиймэл оюунаар хүчирхэгжсэн хайлтын системийн шинэ өрсөлдөөнийг Майкрософт энэ оны эхээр эхлүүлсэн юм.

Хариуд нь Google бас ChatGPT-тэй төстэй Bard системийг зах зээлд танилцуулаад байгаа.

Даваа гарагийн арилжааны үеэр Alphabet компанийн нэгж хувьцааны үнэ $104.90 болон буурч, зах зээлийн үнэлгээ нь $50 орчим тэрбумаар буурчээ.

Харин Майкрософтын хувьцааны ханш нэг орчим хувиар өссөн байна.

Google компани сүүлийн бараг 30 жил онлайн хайлтын зах зээлд тэргүүлж байгаа бөгөөд нийт зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг.

 

Эх сурвалж: Associated Press