Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Улсболд: Хэрэглэхгүй ул боов, еэвэнгээ хэрэгтэй хүнд нь өгөх арга хэмжээг зохион байгуулж байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын дараа ул боов, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй хаядаг айл цөөнгүй.

Тэгвэл Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй бол хэрэгтэй нэгэнд нь өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд "Иргэд цагаан сарын идээгээ ил задгай, хог эсвэл уул овоон дээр хаядаг тохиолдол олон жил давтагдаж байна.

Тийм учраас манай дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хэрэглэхгүй ул боов, еэвэнгээ хэрэгтэй хүнд нь өгөх энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар болсон.

Хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ өгөхийг хүссэн иргэд өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон хороон дээрээ хүргэж өгөх боломжтой.

Баянзүрх дүүргийн 44 хороонд цугларсан тухайн бүтээгдэхүүнийг зорилтот бүлгийн иргэдэд тараах эсвэл дахин боловсруулна.

Арга хэмжээ дууссаны дараа хэр их бүтээгдэхүүн дахин боловсруулсныг, хэдийг нь зорилтот бүлгийн иргэдэд өгснийг нэгдсэн байдлаар мэдээлнэ" хэмээв.