Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Google, Microsoft компаниуд хиймэл оюунд суурилсан чатботоор өрсөлдөж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Google компани өчигдөр хиймэл оюуны технологид суурилсан Bard нэртэй чатботыг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.

Уг бүтээгдэхүүнээ хэсэг хугацаанд хязгаарлагдмал тооны хүмүүсийн дунд туршсаны дараа удахгүй нийтэд танилцуулах юм байна.

Bard нь Google-ийн хөгжүүлдэг хэлний Lamda загвар дээр бий болжээ.

Тус компани бас одоогийн хайлтын системдээ хиймэл оюуны шинэ хэрэглээнүүд нэвтрүүлж байгааг өчигдөр зарласан байна.

Хиймэл оюунд суурилсан чатбот нь хүмүүсийн асуултад хариулах, зөв хариултыг интернэтээс олж өгөх үүрэгтэй байдаг.

Үүний хамгийн том жишээ нь ChatGPT систем юм. Уг системийг хөгжүүлдэг OpenAI компанид Microsoft саяхан олон тэрбумын хөрөнгө оруулсан.

Үүний дараа Microsoft-ийг өөрийн Bing хайлтын системд чатбот нэвтрүүлэх нь гэсэн таамаг хүчтэй яригдаж эхлээд байна.

Одоогийн хайлтын системүүд хүмүүсийн асуултын хариуд тохирох мэдээллүүдийг вэб холбоос байдлаар үзүүлдэг. Харин чатбот нэвтрүүлснээр хамгийн үнэн зөв ганц хариултыг өгөх эцсийн зорилготой болох юм.

Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай хүмүүс сүүлийн үед мэдээлэл хайхдаа урьд урьдынхаас илүү нарийвчилсан асуулт тавьдаг болсон тул хиймэл оюун ашиглахын ач холбогдол нэмэгдэж буйг онцолжээ.

“Цорын ганц үнэн зөв хариулт олдох боломжгүй асуултуудад хариулахад хиймэл оюун хэрэгтэй болж байна. Удахгүй та бүхэн нарийн төвөгтэй мэдээллийг олон өнцгөөс хялбар ойлгомжтой форматаар харуулах хиймэл оюуны хэрэглээнүүдтэй танилцах болно. Ингэснээр та асуудлын ерөнхий дүр зургийг хурдан ойлгож, вэбээс илүү ихийг мэдэх боломжтой” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: BBC