Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны дээд удирдагч "олон арван мянган" хоригдолд өршөөл үзүүлэхээр болов

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ираны дээд удирдагч, шашны тэргүүн Аятолла Али Хамени олон арван мянган хоригдолд өршөөл үзүүлэхээр болсныг тус улсын IRNA агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Сүүлийн хагас жил орчим хугацаанд үргэлжилж буй засгийн газрын эсрэг тэмцэлд оролцсон иргэд энэхүү өршөөлд бас хамрагдах гэнэ. Гэхдээ “гадаад улсын давхар иргэний харьяалалтай”, “гадаадын дайснуудын гар хөл болсон” хүмүүсийг хамруулахгүйг IRNA мэдээлжээ.

Тухайлбал засгийн газрын эсрэг үймээн самуунд тэргүүлэн оролцож, цаазын ял сонссон хоригдлуудыг хамруулахгүй юм байна. Өнгөрсөн хугацаанд Тегераны эрх баригчид тэмцэл хөдөлгөөнд оролцсон дөрвөн хүнийг цаазлаад байгаа.

2022 оны есдүгээр сард шашны дэг ёсноос гадуур хувцасласан хэргээр цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа нэгэн залуу курд бүсгүй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан нь Иран даяар Тегераны эрх баригчдын эсрэг иргэдийн тэмцэл эхлэхэд хүргэсэн юм.

1979 оны Исламын хувьсгалын үр дүнд тогтсон Тегераны дэглэм өнөөдрийг хүртэл ийм хүнд сорилттой тулгарч байгаагүй.

Өнгөрсөн хугацаанд бослого тэмцэлд оролцсон 20,000 орчим хүн баривчлагдсан болохыг сөрөг хүчний HRANA агентлаг тооцоолсон байдаг.

Есдүгээр сараас хойш жагсаал тэмцэлд оролцсон 500 гаруй хүн цэрэг, цагдаагийн гарт алагдсаны 70 нь хүүхэд байсан юм.

Жагсагчдаас дөрвөн хүнийг дүүжлээд байна.

Цаазын ял гүйцэтгэж эхэлснээс хойш иргэдийн тэмцэл мэдэгдэхүйц сулраад байгаа. Али Хамени 1979 оны Исламын хувьсгалын түүхэн ойг тохиолдуулан өршөөл үзүүлж байгаа юм байна. Исламын хувьсгал 1979 оны хоёрдугаар сард ялалтад хүрч, шашны хатуу чиг баримтлагчид Ираны засгийн эрхийг авч байжээ.

 

Эх сурвалж: Reuters