Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын дуулианы дараа Украин улс батлан хамгаалахын сайдаа солихоор болжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников

Украин улс батлан хамгаалахын сайдаа солихоор төлөвлөж буйг тус улсын парламентын нөлөө бүхий гишүүн Ням гарагт мэдээлжээ.

Батлан хамгаалахын сайд 56 настай Олексий Резниковыг цэргийн тагнуулын албаны дарга 37 настай Кирило Будановоор солихоор төлөвлөж буйг тэр мэдээлсэн юм.

“Кирило Буданов батлан хамгаалах яамыг тэргүүлнэ. Энэ бол цэвэр дайны цагийн логикт нийцсэн шийдвэр юм” гэж Украины парламентын гишүүн Давид Арахамия мэдээлжээ.

Резниковыг стратегийн аж үйлдвэрийн яамны сайдаар томилох гэж байгааг тэр бас хэлсэн байна.

“Дайн боловсон хүчний бодлогыг шийдэж байна. Хүчээ бэхжүүлэх, дахин хуваарилахыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байна. Цаашдаа ч ийм томилгоог үргэлжлүүлэх болно. Дайсан одоо шинэ давшилтад бэлдэж байгаа. Бид ч бас өөрийгөө хамгаалахаар бэлдэж байна” гэж Арахамия тайлбарласан юм.

зураг
 
Цэргийн тагнуулын албаны дарга Кирило Буданов

Украины дайны үеэр гадаад ертөнцөд хамгийн сайн танигдсан хүмүүсийн нэг Резников байлаа. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сард батлан хамгаалахын сайдаар томилогдож байжээ. Өнгөрсөн хугацаанд Резников эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг байлдааны ажиллагааг удирдаж, Өрнөдөөс зэр зэвсгийн тусламж авах ажилд голлон оролцож байв.

Гэвч саяхан түүний тэргүүлдэг яам авлигын дуулианд холбогдоод байгаа.

Нэгдүгээр сарын сүүлээр Резниковын орлогч огцорсон нь тус яам армийн хоол хүнсийг 2-3 дахин өндөр үнээр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан гэх дуулиантай холбоотой байлаа.

Энэхүү дуулианы дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газартаа халаа сэлгээг эхлүүлсэн юм.

Ням гарагийн өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа Резников өөрийнх нь томилгооны асуудлыг зөвхөн ерөнхийлөгч шийдэхийг хэлсэн байна.

“Сүүлийн нэг жил миний туулсан стрессийг нарийн хэмжихэд хэцүү. Би хийсэн зүйлээсээ ичихгүй. Миний ухамсар туйлын цэвэр” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: AFP