Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: "Өргөө" амаржих газар бидэнтэй огт харьцдаггүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал эхэллээ. 

Шүүх хурал эхлэхийн өмнө талийгаачийн ар гэрээс мэдээлэл өгөв. 

Талийгаачийн Эгч "Миний дүү 23-р сургуулийн багш байсан. 2021 оны есдүгээр сарын 15-нд КОВИД-19-ийн оноштойгоор хэвтсэн. Тэгээд гайгүй болж байтал зүрхний пульс унаад байна гээд АТРОПИН тариа хийсэн. Эхний өдрөө тариад сайхан болсон. Маргааш орой нь тариаг давтан хийхдээ сувилагч андууран тарьсан. Зүрхний пульс нэмдэг тариа хийх гэж байгаад зүрхний булчин сулладаг тариа тарьсан. Тийм учраас дүү маань тариаг дөнгөж шахаж байхад эмчээ гэж хэлээд ухаан алдаж унан сэхээнд очсон. Сэхээнд хоёр хоноход эмнэлгийн удирдлагууд биднийг дуудаж буруу тариа хийсэн гэдгээ өөрсдөө хэлсэн. Түүнд нь бид талархаж явдаг. 

Буруу тариа хийчихлээ, одоо бараг найдваргүй шүү гэхэд сэхээнд байсан болохоор босчих болов уу гэж бодсон. Боломжит бүх зүйлийг судалж асуусан. Яалт ч үгүй есдүгээр сарын 28-ны үүрээр нас барсан.

Ажил явдлын өглөө шүүхийн шинжилгээний задлангийн эмч дуудсан. Энэ хүн КОВИД-19 гэсэн оноштой ирээд задланд ортол КОВИД-19 биш байна. Яагаад ингээд задланд орж байгаа вэ гэж биднээс лавласан. ТРАКРУМ гэх тариаг андуурч хийсэн. Үүнийгээ сувилагч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас задлан орох ёстой юм байна гээд хүлээн зөвшөөрсөн. КОВИД-19 бол хөнгөн байсан, амь насанд нь тулхаар байгаагүй. Тэгэхээр задлагийн шинжилгээ КОВИД-19-ын улмаас биш гэж гарсан. 

Хүний амийг авах тариаг тарьчхаад, үргэлжлүүлэн ажлаа хийнэ гэдэг мэргэжилдээ таарахгүй хүн байна гэж бодож байна. 

Хүргэн дүү (талийгаачийн нөхөр) маань гуравдугаар сарын 7-нд эхнэр хүүхдээ баярлуулчхаад, 8-нд Цогтцэций рүү ажилдаа явсан. Тэгээд 9-ний өглөө сэрээгүй. Ипотекийн зээлээр энэ хэд маань байр авчихсан, ажлаа хийгээд, зээлээ төлж байсан. МИК бол эрсдэлийн санд мөнгө байхгүй учраас том оюутан хүүхэд нь төгссөн үеэс буюу таван жилийн дараагаас төлөөрэй гэсэн. Байр хүүхдүүдийн нэр дээр шилжсэн. Өр нь дагаад ирж байгаа. 

"Өргөө" амаржих газартай ердөө харьцаагүй. Хуулийн байгууллага дээр очиж мэдүүлгээ өгдөг байх. Түүнээс биш бидэнтэй нэг ч уулзаагүй. Хүүхдүүд нь яаж байна гэж нэг ч асуугаагүй. Ядаж хүүхдийн баяраар хүүхдүүдтэй нь уулзах болов уу гэж горьдсон. Гэтэл бидэнтэй огт харьцдаггүй.

Найман жил ажилласан сувилагч өмнөх орой нь найруулж хийсэн тариагаа маргааш нь олдохгүй болохоор хөргөгчөөс төстэй тариа шүүрч аваад хийсэн талаар гайхаад л байна" хэмээн ярилаа.