Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бүрэн зэвсэглэсэн SUV загварын автомашин АНУ-ын зах зээлд борлуулагдаж эхлэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлээр Калифорни мужийн Ирвайн хотод төвтэй Rezvani Motors компани бүрэн зэвсэглэсэн SUV загварын Vengeance бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлсэн нь автомашин сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Аюулгүй байдлын хувьд хэтэрсэн гэмээр үзүүлэлттэй энэ автомашин аллага, галт зэвсэгтэй гэмт хэрэг үргэлж гардаг АНУ-д хамгийн тохирсон унаа мэт харагдаж байгаа.

Vengeance загварын үнэ $285,000-аас эхэлж байгаа ба бүрэн тоноглолтой нь авбал $499,000 хүрэх юм байна.

зураг
 

Сум нэвтэрдэггүй шил, хуяглагдсан эх биетэйгээс гадна доод тал нь бөмбөг тэсрэлтээс хамгаалагджээ. Араас нь дагаж буй машиныг төөрөгдүүлэхийн тулд утаан хөшиг тавих боломжтой. Дугуйнууд нь хагарсан ч автомашиныг саадгүй явуулах боломжтой. Харанхуйд орчноо тодруулж харах системтэй. Өөр нэг сонирхолтой боломж нь хаалганыхаа бариулыг цахилгаан гүйдлээр цэнэглэж, урилгагүй зочин дотогш нэвтрэхээс хамгаалах юм.

Бас цахилгаан соронзон долгионы нөлөөнөөс хамгаалах, түгшүүрийн дуут дохио өгөх техникээр тоноглогджээ.

Хаалганыхаа гадна ирсэн хүнтэй дотроос харилцах интерком системийг бас суурилуулжээ.

Хаалганд нь ойртож ирсэн хүн рүү дотроос нь нулимс асгаруулагч хий цацах зэвсгээр тоноглогдсон байна. Бас нүд гялбуулах зориулалттай хурц гэрлээр зэвсэглэжээ.

Хорт утааны баг, сум нэвтрүүлдэггүй хантааз, дуулга, эмнэлгийн анхан шатны тусламжийн багц зэргээр салон нь тоноглогдсон байна. Нэмэлтээр зам дээр тавьсан бөмбөг илрүүлэгч тавиулах боломжтой. Бас аюулгүй байдлын хувьд сул тал болохоос сэргийлж, арын шилний оронд ар талаа харах камер байрлуулсан байна.

Rezvani Motors компанийг 2014 онд Феррис Резвани байгуулж байжээ.

Түүний аав Иран улсын зэвсэгт хүчинд F4 Fantom сөнөөгч онгоцны нисгэгч байсан гэнэ. Эрүүл мэндийн шалтгаанаар аавынхаа мэргэжлийг өвлөж чадаагүй залуу Резвани “газар дээр нисдэг онгоц” бүтээх зорилгоор компаниа байгуулж байжээ.

Cadillac Escalade загварын суурин дээр үйлдвэрлэгдсэн Vengeance нь өвч зэвсэглэсэн ч цэргийн биш, иргэний зориулалттайг тус компани онцолж байна.

Том овортой, сүртэй автомашинд дуртай америкчуудад шинэ загвар нь таалагдана гэж үзэж байгаа юм байна.

Зарим судалгаагаар өнөөдөр АНУ-д зарагдаж байгаа нийт автомашинуудын 80 хувь нь SUV болон пикап загварынх байдаг гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: The Guardian