Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Японы цагдаа нар сургуулиудыг факсаар сүрдүүлсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Япон даяар орших хэдэн зуун сургуулийг факсаар сүрдүүлсэн этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлжээ.

Энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад Токио хотын нэг утасны дугаараас Японы өнцөг булан бүрд байгаа ерөнхий боловсролын болон их сургуулиуд руу сүрдүүлгийн агуулгатай факс илгээсэн байна.

Уг сүрдүүлэгт тухайн сургуульд тэсрэх бөмбөг байрлуулсан, хэрвээ өгсөн дансанд мөнгө шилжүүлэхгүй бол сурагч, оюутнуудын амь насанд халдахаа мэдэгдсэн байжээ.

Ингэхдээ дунд сургуулиудаас гурван сая иен ($23,000), их сургуулиудаас 300,000 иен нэхсэн байна.

Цагдаа нар сүрдүүлгийн факс хүлээн авсан сургуулиудыг шалгаад тэсрэх бөмбөг илрүүлж чадаагүй гэнэ.

Сүрдүүлгийг Даваа гарагт Нийгата, Яманаши мужуудын 12 сургуульд ирүүлсэн бол Мягмар гарагт Сайтама, Ойта мужуудын 138 сургуульд ирүүлжээ.

Дараа нь Канагава мужийн 160 сургууль, Осака мужийн 60 сургууль хүлээж авсан байна.

Сүрдүүлгийг ийм өргөн хүрээнд явуулсан нь анхаарал татаж байгаагаас гадна хоцрогдсон болхи арга хэрэгсэл буюу факс машин ашигласан нь бас анхаарал татаж байгаа юм.

Сошиал сүлжээнд зарим хүмүүс 1970-аад оны хуучирсан технологи ашигласан сүрдүүлэгчийг элэглэн шоолцгоож байна.

“Факс машиныг сүрдүүлэгт ашигласан нь нэг талаасаа зөвхөн Японд байж болох, нөгөө талаасаа миний харсан хамгийн тэнэг зүйл байлаа. Мөрдлөг маш богино хугацаанд үргэлжилж, гэмтнийг барьж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж нэг хэрэглэгч бичжээ. Техник, технологи өндөр хөгжсөн орон гэгддэг ч Японд факс машин, уян диск зэрэг хуучирсан арга хэрэгслийг идэвхтэй ашигласан хэвээр байдаг.

Сүрдүүлэг хүлээж авсан сургуулиудын оюутан сурагчдын зарим хэсэг нь айж түгшиж байгаагаа зарим нь үл тоож байгаагаа хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Japan Times