Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын 9 ажилчин ОХУ-аас Өмнөд Солонгост оргож иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Умард Солонгосын есөн ажилчин Өмнөд Солонгост оргож ирсэн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

20-50 орчим насны есөн эрэгтэй өнгөрсөн сард оргож ирснийг одоо Ханавонд засгийн газрын байгуулсан дүрвэгчдэд зориулсан төвд байрлуулан, гурван сарын хугацаатай идээшүүлэн дасгах сургалтад хамруулж буйг тус төвийн захирал асан Дон А их сургуулийн профессор Кан Дон Ван мэдээлсэн байна.

Тэдгээрийн хоёр нь цэргийн алба хаагч байжээ.

“Украинд явуулж буй Оросын дайн Умард Солонгосын ажилчдыг оргож ирэхэд нөлөөлсөн байна” гэж Кан Дон Ван ярьсан юм.

Энэ талаар Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас тодруулахад оргож ирсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Пёньяны дэглэм гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд ажиллах хүчээ гадагш экспортолдог.

Сүүлийн үед тус улс Украины эзлэгдсэн нутгийн сэргээн босголтод ажиллах хүч илгээх тухай асуудал яригдах болсон.

Ингэхдээ одоо ОХУ-д ажиллаж байгаа иргэдээ Украин руу илгээх магадлал өндөр байгаа.

Тиймээс дайн мөргөлдөөний бүсэд хуваарилагдахаас айсан ажилчид Өмнөд Солонгос руу оргох шийдвэр гаргасан бололтой.

Өнгөрсөн оны долдугаар сард Украинаас салан тусгаарласан тоглоомын хоёр улсыг Умард Солонгос хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн тус улсаас Оросын армид сум, зэр зэвсэг нийлүүлсэн асуудал яригдаж байна.

Саяхан "Известия" сонинд Пёньянд суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегора салан тусгаарласан Украины бүс нутгийг сэргээн босгох хөтөлбөрт Умард Солонгосын ажилчдыг ашиглах боломжийн тухай ярьж байжээ.

Одоогоор Умард Солонгосын 20,000 гаруй ажилчин Оросын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын салбарт ажилладаг гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Yonhap News, Korea Times