Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын парламент хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон нийтээс нууцлах хуулийн төслийг дэмжлээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын төрийн Дум өөрийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтээс нууцлах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.

Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих хуулийн дагуу парламентын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд хувь хүн бүрээр задалж үзүүлэхгүй бөгөөд зөвхөн нийлбэр дүнг нь харуулах юм байна.

“Энэ бол хувийн нууцыг хамгаалахтай холбоотой хууль“ гэж төслийг санаачлагч Павел Крашенинников тайлбарласныг Думын вэб сайт мэдээлжээ.

Хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу Дум өчигдөр сүүлчийн удаа хэлэлцэж, дэмжсэн бөгөөд одоо дээд танхим болох Холбооны Зөвлөлөөр хэлэлцэх ёстой.

Үүний дараа ерөнхийлөгч Владимир Путин батлах юм.

Шинэ хуулийн төслийг авлигатай тэмцэх үйлс, ил тод байдлын зарчмаас ухарсан хэрэг гэж ажиглагчид шүүмжилж байна.

“Авлигатай зөвхөн хуулийн байгууллагууд тэмцдэг Зөвлөлтийн үеийн загварт буцаж шилжлээ” гэж улс төр судлаач Алексей Макаркин ярьжээ.

Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хугацаанд төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээллийг нууцлах зарлигт ерөнхийлөгч Путин арван хоёрдугаар сард гарын үсэг зурж байв.

Транспаренси Интернэйшнл байгууллагаас гаргадаг авлигын индексээр 2021 онд ОХУ нь 180 улсаас 136 дугаарт жагсаж байлаа.

Өчигдөр бас Москва хотын шүүх ОХУ-д хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа хүний эрхийн байгууллага болох Москва Хельсинкийн Бүлгийг (Московская Хельсинкская Группа) тараах шийдвэр гаргасан юм.

Шүүх ОХУ-ын хууль зүйн яамнаас гаргасан тус байгууллагыг тараах хүсэлтийг дэмжсэн байна.

Москва Хельсинкийн Бүлэг нь 1976 онд байгуулагдаж байжээ. Зөвлөлтийн үеийн улс төрийн хэлмэгдэгч Людмила Алексеева тус байгууллагыг үүсгэн байгуулж, 2018 онд нас барах хүртлээ удирдаж байжээ.

Нас барахаас нь жилийн өмнө буюу 90 насны ойгоор нь Путин түүний гэрт зочлон баглаа цэцэг бэлэглэж байсан юм.

“Олон жилийн турш манай орны асар олон хүний төлөө хийсэн бүх зүйлд тань талархаж байна” гэж Путин тухайн үед хэлж байжээ.

ОХУ-ын хууль зүйн яам Москва Хельсинкийн Бүлгийг шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг хуульд заагдсан статусаасаа гадуур үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасан юм.

 

Эх сурвалж: AFP