Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн саруудад маш ширүүн тулаан өрнөж байсан Донецк мужийн жижиг хот Соледарыг хяналтаасаа алдсаныг Украины тал өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.

“Сүүлийн хоёроос гурван өдрийн хугацаанд бид чухал байрлалуудаа алдсан ч одоо буцааж авахаар тулалдаж байна” гэж Соледарын дэргэд байлдаж буй Украины зэвсэгт хүчний ангийн захирагч мэдээлсэн байна.

Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп энэ сарын 11-ний өдөр давсны том ордын дэргэд оршдог Соледарыг эзэлснээ зарлаж байв.

Үүнээс хоёр хоногийн дараа ОХУ-ын батлан хамгаалах яам мөн хотод хяналтаа тогтоосныг зарласан юм.

Оросын тал хэдэн сарын өмнө Украины фронтын зүүн болон өмнөд хэсэгт ухарснаас хойш анхны эзэлсэн хот суурин газар нь Соледар болж байна.

Соледарт дайнаас өмнө 10,000 орчим хүн оршин сууж байжээ.

Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый олон хоног ширүүн тулалдсаны эцэст цэргүүд нь Соледарыг орхин гарч, захад нь хориглолтод шилжсэн тухай өчигдөр мэдэгджээ.

Хүний тоогоор Оросууд давамгайлж байгаа нь ухрах шалтгаан болсныг Соледарт тулалдаж буй ангийн захирагч Игорь хэлсэн байна.

“Ширүүн буудалцааны дараа эргээд харахад дайсны шинэ давлагаа дахин довтолж байна. Тэдний тоо асар их байна. Тэд хүмүүсээ сумны бай болгон ашиглаж байна. Гэхдээ Оросууд зөвхөн тоогоор давамгайлж байгаа нь сайн хэрэг” гэж тэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP