Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс үхрийн хэхрэлтийг бууруулах зорилготой стартап компанид хөрөнгө оруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Үхрийн ходоодноос гарах метан хийг бууруулах, ингэснээрээ дэлхийн дулаарлыг сааруулах зорилготой Австралийн стартап компанийн эхний хөрөнгө оруулагч нь Америкийн тэрбумтан Билл Гэйтс болжээ.

Түүний 2015 онд байгуулсан Breakthrough Energy Ventures сан Перт хотод төвтэй Rumin8 компанид $12 саяын хөрөнгө оруулсан байна.

Уг санд Амазоны Жэф Безос, Алибабагийн Жэк Ма нар бас хувь оруулсан байдаг.

Rumin8 нь үхрийн тэжээлийн найрлага бүтцийг өөрчлөх замаар ходоодноос нь амаар гарах хийг буюу хэхрэлтийг бууруулах чиглэлд судалгаа явуулдаг компани юм.

Ингэхдээ метан хийн эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн бэлчээрийн ургамал, далайн замаг зэргийг тэжээлдээ ашигладаг ажээ.

Нэг үхэр дунджаар жилд 100 кг орчим метантай тэнцэх хийг хэхэрч гаргадаг нь 3,400 литр орчим бензин шатаасантай тэнцдэг гэнэ.

Метан бол дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлдэг хүлэмжийн хийн нэг төрөл бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин хор уршигтай гэгддэг.

Өнгөрсөн онд нийтлэгдсэн нэг судалгаанд өгүүлснээр дэлхийн хамгийн том мах, сүүний 15 компанийн нийт ялгаруулдаг метан хийн хэмжээ Орос, Канад, Австрали зэрэг хэд хэдэн том улсын ялгаруулдаг хэмжээнээс давдаг ажээ.

АНУ, Европын Холбоо 2030 он гэхэд метан хийн ялгаруулалтаа 30 хувиар бууруулах олон улсын амлалтад нэгдсэн байдаг ч хүмүүсийн махны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа.

Одоо дэлхий даяар үйлдвэрлэгчид мах, сүүний чиглэлийн нэг тэрбум гаруй үхэр тэжээдэг.

Судлаачид өмнө нь зарим төрлийн далайн замгийг тэжээлд нэмснээр үхрийн ходоодонд үүсдэг метан хийн хэмжээг 80 гаруй хувиар бууруулах боломжтойг баталж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian