Уншиж байна ...

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудаар тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ

ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг ирэх сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулна.

Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх экспорт, импортын ачааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болсон.

Иймд энэ удаагийн зөвлөгөөнөөр өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг дагаад хилийн төмөр замуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ. Тухайлбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар солилцох галт тэрэгний тоог 20 хос галт тэрэгт хүргэх, ачааны галт тэрэгний уртыг 57-71 томьёолсон вагон болгож нэмэгдүүлэх, жинг 2600-6000 тонн болгон тогтмол аялуулах зэрэг талаар зөвлөлдөж, энэ оны эхний улиралд тус тусын эрх бүхий байгууллагад уламжлах юм.

Мөн Монгол-Оросын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Сүхбаатар-Наушкийн хилийн боомтоор 14 хос галт тэрэг солилцох боломжтой талаар танилцуулж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд анхаарах аж.

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.