Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сицилийн мафийн боссын нуугдаж байсан байрнаас Хитлер, Путин нарын намтар олджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 16-ны өдөр Италийн цагдаа нар Палермо хотын нэг хувийн эмнэлгээс 30 жил эрэн сурвалжлагдаж байсан Сицилийн мафийн сүүлчийн том босс Маттео Мессина Денарог баривчилсан билээ.

Тэрбээр Андреа Бонафеде хэмээх өөр хүний нэрээр амьдарч байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.

Даваа гарагт Италийн прокурорууд нэр усаа мафийн боссд ашиглуулж байсан Сицилийн оршин суугч 59 настай Андреа Бонафедед гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж, оргон зайлахад нь тусалсан үндэслэлээр ял оноосон байна.

Бонафеде нь өөрийн иргэний бичиг баримт, эрүүл мэндийн дэвтэр, хоёр автомашиныг Денарод ашиглуулж байжээ.

Мөн Денаро нь Трапани мужийн Кампобелло ди Мазара хэмээх жижиг хотод амьдарч байсан байраа өөрийн мөнгөөр худалдаж авсан ч Бонафедегийн нэр дээр бүртгүүлсэн байсан гэнэ.

Мөрдөн байцаагчид Бонафедег сүүлийн хоёр жилийн хугацаанд нэрээ Денарод янз бүрийн хэлбэрээр ашиглуулж байсныг тогтоожээ.

Бонафеде мэдүүлэгтээ жил гаруйн өмнө Кампобелло ди Мазара хотын гудамжинд явж байхад нь Денаро тааралдаад эмнэлэгт эмчлүүлэхэд нь туслахыг гуйсан гэсэн байна.

Харин мөрдөн байцаагчид “дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн байгууллагын босс гудамжинд тааралдсан танихгүй хүнээс ийм зүйл гуйсан гэдэгт итгэх аргагүй” гэж дүгнэжээ.

Өөр хүний нэрийг ашигласан Денаро тансаг брэндийн хувцсаар гоёж, өглөө бүр гудамжны кафед эспрессо кофе уун, ресторанд пицца зооглож, зугаалж, дэлгүүр хэсэж, хөршүүдтэйгээ мэндлэн жирийн хүн шиг амар амгалан амьдарч байсан гэнэ.

Баривчлагдахаас нь гурван өдрийн өмнө хяналтын камерт Денарогийн гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс татсан мах, хоёр лонх шар айраг, угаалгын бодис аваад гарч байгаа дүрс бичигдсэн байжээ.

Түүний амьдарч байсан байранд хувцасны шүүгээгээр халхалсан нууц бункерын хаалга илрүүлсэн байна.

Энэхүү бункерээс үнэтэй хувцаснууд, эрдэнийн чулуунууд, Фрэнсис Кополлагийн “Загалмайлсан эцэг” киноны зурагт хуудас, Владимир Путин, Адольф Хитлер нарын намтар зэрэг хэд хэдэн ном олдож байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Денарог Италийн төв бүсийн Л’Акила хотын өндөржүүлсэн хамгаалалттай шоронд шилжүүлсэн байна.

Тэрбээр Пүрэв гарагт уг шоронд эхний химийн эмчилгээгээ хийлгэжээ. Денаро бүдүүн гэдэсний хорт хавдартай юм байна.

 

Эх сурвалж: The Guardian