Уншиж байна ...

АНУ, Германы эрх баригчид Украинд танк илгээхээр болсон тухай мэдээлж байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Олон сарын турш эргэлзсэний эцэст Германы засгийн газар өөрийн үйлдвэрийн Leopard 2 танкуудыг Украинд илгээхээр болж буй тухай өчигдөр тус улсын хэвлэлүүд албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Берлин бас холбоотон орнуудынхаа нөөцөд байгаа ижил төрлийн танкуудыг Украинд илгээхийг зөвшөөрөхөөр болсныг мэдээлсэн байна.

Хэвлэлд гарсан мэдээллийн талаар лавлахад канцлер Олаф Шольцийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.

Өчигдөр өглөө Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус танк илгээхэд бэлэн байгаа холбоотнууддаа хэдийгээр шийдвэр эцэслэн гараагүй ч Украины талыг сургах ажлаа эхлүүлэхийг зөвлөсөн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Үүнтэй зэрэгцэн өчигдөр бас “The Wall Street Journal” сонин АНУ-ын эрх баригчид өөрийн үйлдвэрийн Abrams M1 танкуудыг Украинд илгээх шийдвэрээ энэ долоо хоногт багтаан зарлах гэж буй тухай мэдээлжээ.

Украины засгийн газар Оросын эзлэн түрэмгийлэгчдийг газар нутгаасаа хөөн гаргахад чухал шаардлагатай орчин үеийн танкуудыг нийлүүлэхийг холбоотнуудаасаа олон сарын турш хүсэж байсан юм.

Өмнө нь АНУ-ын засаг захиргаа Abrams танкуудыг нийлүүлэхэд зардал өндөр, ашиглалт, дэд бүтцийн хувьд хүндрэлтэй гэж үзээд татгалзаж байв.

Харин Германы Leopard 2 танкуудыг Украины нөхцөл байдалд хамгийн тохиромжтой техник гэж үзэж байсан юм.

Гадаад оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнд хэт гүнзгий татагдан орохоос болгоомжилсон Берлиний эрх баригчид танкуудаа илгээх шийдвэрийг гаргаж чадахгүй удаж байлаа.

Польш тэргүүтэй Европын бусад холбоотнууд өөрийн нөөцөд байгаа Leopard 2 танкуудыг Украинд илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн ч ингэхийн тулд үйлдвэрлэгч Германы талаас реэкспортын зөвшөөрөл авах шаардлагатай байжээ.

 

Эх сурвалж: AFP