Уншиж байна ...

Д.Дорждагва: Улаанбаатарын уулзваруудыг томруулбал түгжрэл буурна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгах талаар иргэн Д.Дорждагва Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Амгалангаас Дүнжингаравт ирдэг уулзвар дээр бараг нэг цаг гацаж байна. Миний төлөвлөгөөгөөр бол Дүнжингаравын том хашааг дотогш нь болгоод хоёр эгнээ нэмбэл тэр уулзвар түгжрэлгүй болно.

Эдийн засгийн хувьд түгжрэлийн хохирол хэмээн гурван их наяд төгрөгийг алдаж байна. Гурав, дөрвөн цаг гэр орондоо очиж чадахгүй, сэтгэл санаагаар хохироод бараг галзуурах шахдаг. Үүнээс гарах ганц арга бол уулзваруудыг шинэчлэх юм. 

Миний судалгаагаар түгжрэл гэдэг бага багаар бий болдог. Жаахан дэм өгөхөд л байхгүй болно. Төв шуудангийн уулзвараас болоод бусад уулзвар түгжрээд нам зогсчихдог. Замын уулзварууд дээр барилга шахаж барьж байгаа нь буруу. 

Надад түгжрэлийг бууруулах тооцоолол байгаа. Гэхдээ тооцооллоо энд авч ирээгүй байна. Уулзваруудыг томруулбал түгжрэл буурна. Бид хэтэрхий баригдмал байна, чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. 

Мэдээж уулзваруудыг томруулбал ногоон байгууламжийн асуудал хөндөгдөнө. Ногоон байгууламж заавал газар дээр байх ёсгүй. Гадаадын хөгжилтэй орнууд ханан ногоон байгууламжтай байна. Түүнийг заавал газар дээр тарих ёстой биш" гэв.