Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Монполимет групп “Монцемент” төсөлд олгосон зээлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Монполимет группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэрчээр дуудагдаж, Түр хорооны дарга Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Зээлийн үлдэгдлээ төлөх асуудал нь ямар дүр зурагтай явж байна вэ?
Монполимет группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав "Энэ сонсголын ач холбогдол нийгэмд их байна. Хамгийн түрүүнд хар, цагаанаа ялгуулмаар байгаа юм. Зээл аваад бид үрсэн үү эсвэл зөрчил гаргасан уу, чин сэтгэлээсээ бүтээн байгуулалт хийсэн үү гэдгээ ялгуулмаар байгаа юм.
Монцемент бол манай нэг л хэрэгжсэн төсөл. Залуучууд маань сэтгэлд хүртэл авч явж байгаад баярладаг. Сүүлийн 30 жил аж үйлдвэрийн салбарт сэргэлт өгтөл нь цементийн гурван цогц үйлдвэрийг ашиглалтад оруултал манай хамт олон төслөө хэрэгжүүлж чадсан.
Хөгжлийн Банк 2012 онд байгуулагдсан. 2013 онд ҮАБЗ-өөс Монголд хэрэгжиж буй стратегийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын 25-30 хувь нь дотоодоос санхүүжих ёстой гэсэн зөвлөмж гарсан. Зөвлөмжийн дагуу төслийнхөө 25 хувьд 2013 оноос санхүүжилт хүссэн. 2014 оны аравдугаар сард анхны санхүүжилтийг Хөгжлийн Банкнаас авснаас хойш жил гаруй хугацаанд зургаан удаа санхүүжилтийг тасалж өгсөн байдаг.
Зээлийн хэрэгжилт болон зарцуулалтын тухайд гэвэл Хөгжлийн Банк Монполимет групп дээр хатуугийн хатуу шалгалт хийсэн. Хамгийн наашгүй нөхцөлөөр уулзалт явагдаж байсан. Бидэнд үйлдвэрүүд барьсан том туршлага байсан нь давуу тал болсон.
Би Монцемент төслийнхөө хэрэгжилтийг 200 хувь гэж бардам хэлнэ. Бид Хөгжлийн Банкны зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулсан. Монцемент төсөл Монгол Улсад 30 сэргээгүй байсан аж үйлдвэрийн бодлогын шинэчлэлийг эхлүүлсэн. Мөн Монгол Улсыг цементийн хараат байдлаас гаргаж чадсан төсөл" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Бид яагаад ханшийн эрсдэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа вэ гэдгийг тайлбарлая. ААН, иргэдэд ирж байгаа ханшийн дарамт биднээс болоогүй. Төслөөс болоогүй. Хэрэгжүүлж байгаа ААН-үүдээс болоогүй.
Нотлох баримт.
2017 оны тавдугаар сарын 17-ны УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Монголбанкийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол,
2012-2016 оны хооронд Монголбанкны валютын ханш 80.8 хувиар буурсан байсан. Өнөөдөр 93 хувиар буурсан явж байна. Мөнгөний бодлогыг тогтвортой барих ёстой Монголбанк, төр засаг ханшийн алдагдлыг анхаарч үзэх ёстой. Ингэж ААН дээр Монголбанкны буруутай бодлогоос үүссэн ханшийн алдагдлыг үүрүүлж, муу нэрийг нь зүүлгэх ёстой юм уу. Энэ төрийн зөв бодлого уу. Өнөөдөр бид төлөөд явж байгаа.
Хөгжлийн Банкнаас цаашид өгөх хөгжлийн зээлүүдээ төгрөгөөр өгөх нь зүйтэй гэж зөв дуугарсан" хэмээв.
ВИДЕО: