Уншиж байна ...

Г.Цолмон: "Буман залуус" хорооллын төслийн хүрээнд ХБ-наас авсан зээлээ хувьдаа зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.

"Пирамид-Орд" ХХК "Буман залуус" 296 айлын орон сууцны хорооллын төслийн хүрээнд баригдах дөрвөн орон сууц, үйлчилгээний барилгыг бүрэн ашиглалтад оруулах зориулалтаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоогоор 25 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд чанаргүй ангилалд шилжсэн байна. 

"Буман залуус" 296 айлын орон сууцны хорооллын төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр холбогдох гэрчээс асуулт асуулаа. Мөн "Буман залуус" хорооллын газрын асуудлыг хөндлөө.

-Таны охин Ц.Хонгормаа их хэмжээний мөнгийг удаа дараа бэлнээр авсан байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Пирамид-Орд ХХК захирал Г.Цолмон "Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтыг туслан гүйцэтгэгч компаниуд, хувь хүмүүстэй хийсэн гэрээний дагуу бэлнээр гаргаж өгсөн. Өөр зүйлд зарцуулсан юм байхгүй. Хувьдаа зарцуулсан гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бэлнээр гараад барилгад зарцуулагдсан байна гэдэг нь төсөл бүрэн хэрэгжсэн гэсэн үг. 

-Оршин суугчид яагаад гэрчилгээгээ авч чадахгүй байгаа тал дээр тайлбар өгөх үү?

-2017 онд дуусаагүй барилгыг Хөгжлийн Банкны барьцаанд тавьсан. Иргэдийн хувьд 300 айлаас бүрэн төлбөрөө өгсөн 30-40 айл байгаа. Бусад нь төлбөрөө бүрэн өгөөгүй, гурван жилийн дотор эхний 30 хувиа бүрдүүлэх гэрээтэй байгаа. Энэ төлбөрүүд огт хийгдээгүй, хаашаа хийхээ ч мэдэхгүй болчихсон байгаа. Хөгжлийн Банканд манай гэрчилгээ одоогийн үнэлгээгээр 40 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. 2019 оноос хойш битүүмжлэгдсэн хэвээрээ байгаа. Надаас төлбөр авах иргэд бүгд барилга аваад, дотор нь амьдраад явж байна. Талбай түрээсэлсэн иргэд, түрээсийн орлогоосоо Хөгжлийн Банкны мөнгө төлөөд явах боломжтой байсан боловч зогссон байгаа. 

-“Бэсон" ХХК-ийн захирал Д.Батжаргал танай компанийг шүүхэд өгсөнтэй холбоотойгоор "Буман залуус" хорооллын оршин суугчид орон сууцныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?

-Болно. Гэхдээ "Буман залуус" хорооллын оршин суугчид гэрчилгээгээ авч чадахгүй байгаагаас илүү Хөгжлийн Банк, Монгол Улс хохирч байгаа. 

зураг
 

-Та барилгын газрыг хэзээ, хэнээс, яаж өөрийн эзэмшилд авсан бэ?

-Би 2013 онд Шангри Лагийн туслан гүйцэтгэгчийн ажлаа дуусгаад, амжилттай гарсан. Тухайн үеийн тоног төхөөрөмж, техникийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан учраас дараагийн төслөө олохоор хайж байсан. Тэр үед миний нэг танил Монголын ардчилсан холбоо төрөөс санхүүжилт аваад барилга барихаар яваад бүтээгүй гэнэ. Мөнгөтэй компани орвол бэлэн газар байна гэсэн. Тэгээд Монголын ардчилсан холбоотой уулзсан. 2014 билүү 2013 онд Монголын ардчилсан холбооны Г.Байгалмаа гэдэг хүнтэй уулзлаа. Газрын очоод үзтэл цасан дотор тал газар байсан. Би өөрийн хэмжээний хөрөнгө гаргаж бариад, иргэдийн урьдчилгаа төлбөрөөр гүйцээх боломж байгаа болов уу гэж бодоод орсон. Барьцаанд тодорхой хэмжээний хэдэн байр өгөхөөр харилцан тохироод гэрээ байгуулаад орсон барилга юм аа. 

Тухайн үед газрын гэрчилгээ Монголын ардчилсан холбооны нэр дээр байсан. Г.Байгалмаа надад газрын гэрчилгээг өгсөн. 

"Буман залуус" хорооллын оршин суугчид орон сууцны захиалга өгөх үед Г.Байгалмаагийн данс руу шууд шилжүүлж байсан асуудал байгаа юу? 

-Г.Байгалмаагийн данс руу шууд шилжүүлж байсан тохиолдол байхгүй байх аа.