ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Бодлогын шилжилт хийж, хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл гэж үзсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн мөнгийг зарим хэсэг нь хүн амаа өсгөх бодлого гэдэг бол зарим нь халамжийн хэлбэр гэж үздэг. 

Энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Манай улс 3.3 сая хүн амтай. Насанд хүрсэн 2.1 сая иргэнтэйгээс 1.2 сая нь л байнгын идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг. Ийм учраас цаашид халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, байгаа халамжаа оновчтойгоор зорилтот бүлэгт хүргэх нь чухал.

Халамжид зарцуулж байгаа мөнгө нь татвар төлөгчдийн мөнгө.

2023 оноос бодлогын шилжилт хийж, хүүхдийн мөнгө бол халамжийн нэг төрөл гэж үзсэн. Хүүхдийн мөнгөөр дамжуулж, орлого нь унасан өрхүүдээ жигд дэмжих бодлого 2022 онд дууссан.

Орлого нь буураагүй, өндөр орлоготой есөн хувийг энэ оноос хүүхдийн мөнгөнөөс татгалзаад, зайлшгүй шаардлагатай буюу хүүхдийн мөнгөө аваад өдөр тутмын хэрэгцээндээ шууд хэрэглэдэг 91 хувьдаа олгохоор болсон. 

91:9 гэдэг бол харьцангуй зөв тооцоолсон, оновчтой тоо" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Иргэдийн бухимдал мэдээллийн давхардлаас болж үүссэн. Өөрсдийгөө нэг байшинтай гэж бодож байсан өрхүүд өмнө нь зарж борлуулж, бэлэглэсэн шилжилт хөдөлгөөнөө хийгээгүйн улмаас 2-3 үл хөдлөхтэй гэж бүртгэгдсэнээс өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ нь өндөр гарч ирсэн. Ингээд өндөр орлоготой гэж тооцох есөн хувь маань нэмэгдээд магадгүй 20-30 хувь болж, хүүхдийн мөнгө авах хүлээлттэй байсан өрхүүд авахгүй болж таарсан.

Энэ бол өрхийн мэдээллийн сандаа цаг хугацаандаа шинэчлэл хийгээгүй, төрийн зүгээс хяналт тавиагүй бөгөөд иргэдэд сануулах, төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцох зэргээ сайжруулах шаардлагатайг харуулсан явдал. 

Алдаа, зөрүү, давхардал гарсныг Засгийн газар хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ хүлцэл өчиж байна" гэлээ. 

"Мэдээллийн давхардлыг цэвэрлэхээр хүүхдийн мөнгө авах 91 хувь нь тодорхой болно. Төсөв хангалттай"

Мөн сэтгүүлчийн "Анхнаасаа хөрөнгө тоолно гээгүй. Тухайн өрхийн сарын орлого 3.5 саяас дээш байвал хүүхдийн мөнгөнд оруулахгүй гэж байсан. Гэтэл бодит байдал дээр хөрөнгийг нь тоолчихлоо. Зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлсон бэ" гэх асуултад тэрбээр дараах хариултыг өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан "Иргэдэд хүндрэл учруулахгүйгээр төрд байгаа мэдээллээ түлхүү хэрэглэж тооцоолох зорилт тавьсан. Бидэнд буй эхний мэдээлэл нь Үндэсний Статистикийн хорооноос улирал тутамд шинэчлэн гаргасан өрхийн амьжиргааны түвшин. Энэ нь нийслэлд 1.9 сая, орон нутагт 1.6 сая байна, дунджаар 1.75 сая төгрөг. Өрхийн дундаж орлого нь 3.5 сая төгрөг, мөн хөрөнгийн үнэлгээнүүдийг багтах ёстой. Эдгээрийг олон улсын практикт яаж тооцдог вэ гэдгийг судалсан.

Засгийн газар дээр нэлээд том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Аргачлалыг харахад алдаа бага байна. Харин мэдээллийн бааз дээр байгаа давхардалд асуудал байна. 

Мэдээллийн давхардлыг цэвэрлэхээр хүүхдийн мөнгө авах 91 хувь нь тодорхой болно. Төсөв хөрөнгө хангалттай" гэсэн юм. 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайдын хэлснээр Монгол Улсад 1,260,000 хүүхэд байгаагийн 1,139,000 нь сар бүр мөнгө авах аж.