Нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж буй.
Иргэдийн байр суурийг хүргэе.
Иргэдийн төлөөлөл "Жагсаалд зургаан хоног нэгдэж байна. Хоолой өвдөж, сөөсөн. Гэхдээ ирээдүйнхээ төлөө өнөөдөр даарах нь асуудал биш гэж бодож байгаа. Ирээдүйгээ дааруулахгүй, өлсгөхгүйн төлөө, ийм нийгэм үлдээхгүйн төлөө л тэмцэж байна. Эцсийг нь тултал явахгүй бол энэ хулгайч нар хэзээ ч ханаж цадахгүй юм байна" гэсэн юм.
Өөр нэгэн иргэн "Хоёр дахь өдрөө жагсаж байна. У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөс баялагтаа эзэн байя гэж ямар учраас хэлснийг нь асуумаар байна. Бид үнэхээр аргаа барж байна. Ард түмэн хөлдчих гээд зогсож байхад өөрсдөө ордондоо суусаар. Хөрөнгийг хураах ёстой. Яагаад харж үзэх ёстой гэж. Иргэд өнөөдөр портер дээр нүүрс ачаад явж байвал цагдаа хураалаа, хулгайгаар зөөлөө гэдэг. Гэтэл хэдэн тонноор хулгайгаар явуулчихсан байна. Гарч ирээд иргэдээсээ уучлалт гуйх ёстой" хэмээв.
Өнөөдөр Улаанбаатар хотод шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус хүйтэн гэж Цаг уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлсэн. Иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байна.