Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

DuoLingo: 2022 онд Монголчуудын хамгийн их судалсан гадаад хэл Солонгос

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн түгээмэл боловсролын аппликэйшн гэгддэг DuoLingo 2022 оны тайлангаа өчигдөр нийтэлжээ.

500 гаруй сая удаа татагдсан тус аппликэйшн 40 гаруй хэлний 100 гаруй хичээл агуулдаг юм.

2022 онд Монгол улсын DuoLingo хэрэглэгчдийн хамгийн их судалсан хэл Солонгос, дараа нь Англи байжээ. Өнгөрсөн оны тайланд бас ийм баримт харуулж байсан юм.

2021 онд Солонгос хэлийг хамгийн олон хүн судалсан улс дэлхийд Монгол, Бутан хоёр байсан бол энэ онд Филиппин, Бруней хоёр нэмэгджээ.

Бас Солонгос нь Пакистан улсын хэрэглэгчдийн хамгийн их судалсан хоёр дахь гадаад хэл болсон байна.

Ерөнхийдөө Зүүн Өмнөд Азийн орнуудад Солонгос, Япон хэлнүүдийн өрсөлдөөн ширүүн байгааг сүүлийн хоёр жилийн тайлангаас харж болохоор байгаа юм.

Тухайлбал 2021 онд Филиппинд Япон хэл тэргүүлж байсан бол энэ онд Солонгос тэргүүлж, Япон удаалжээ.

Энэ оны бас нэг сонирхолтой баримт нь Европын зарим орнуудад Украин хэл сонирхогчдын тоо эрс өссөн явдал байв.

Тухайлбал Ирланд, Герман, Польш, Нидерланд, Чех улсуудад ийм үзэгдэл хамгийн их ажиглагдсан байна.

Ерөнхийдөө 2022 онд хамгийн их судлагдсан гадаад хэлнүүдийг жагсаавал:

  1. Англи (119 улсад тэргүүлсэн)
  2. Испани (34 улс)
  3. Франц (22 улс)
  4. Герман (8 улс)
  5. Солонгос (4 улс)
  6. Итали (2 улс)
  7. Япон (2 улс)
  8. Свахили (1 улс)
  9. Швед (1 улс) байна.

Хамгийн их судлагдсан хоёр дахь гадаад хэлнүүд:

  1. Франц (74)
  2. Испани (47)
  3. Герман (16)
  4. Япон (12)
  5. Англи (11)
  6. Солонгос (7)
  7. Хятад (6)
  8. Орос (5)
  9. Португал (4)
  10. Итали (3) байжээ.

DuoLingo энэхүү тайланг гаргахдаа 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны есдүгээр сарын 30 хүртэл хугацааны статистик мэдээллийг ашиглажээ.

Ингэхдээ 13-аас дээш настай хэрэглэгчдийг хамруулж, хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс 5,000 хүрэхгүй суралцагчтай улс орнуудыг судалгаандаа оруулаагүй байна.

 

Эх сурвалж: DuoLingo