Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улс Оросын зэр зэвсгээс хамаарлаа бууруулах арга хэмжээ авч эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Украины дайны үйл явц, Өрнөдийн эдийн засгийн хориг зэрэгтэй холбоотойгоор Вьетнам улс Оросын зэр зэвсгээс хамаарлаа багасгах арга хэмжээ авч эхэлснийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулах болжээ.

Хөрш Хятад улстай газар нутгийн маргаантай Вьетнам улс дэлхийн топ 20 зэвсэг худалдан авагчийн нэг бөгөөд зэр зэвсэг импортлоход зарцуулдаг жилийн төсөв нь $1 тэрбум орчим юм.

Энэ хэмжээ цаашдаа өсөхөөр байгааг GlobalData байгууллагын цуглуулсан тоо баримт харуулж байна.

Олон жил Вьетнамын гол зэвсэг нийлүүлэгч байсан Орос улс энэ төсвийн ихэнх хэсгийг авдаг байв. Оросын зэвсгийн хамгийн том худалдан авагчдын нэг Вьетнам улс болохыг SIRPI (Stockholm International Peace Research Institute) хүрээлэнгийн гаргасан мэдээллээс харж болно.

Гэвч сүүлийн үед тус улс Оросын нийлүүлж чадахгүй орчин үеийн зэвсэг техниктэй болох, Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригоос зайлсхийх шалтгаанаар уламжлалт бодлогоо эргэн харах болжээ.

Вьетнамын эрх баригчид сүүлийн үед Европ, Зүүн Ази, Энэтхэг, Израил, АНУ-ын зэр зэвсгийг илүү ихээр сонирхох болсныг салбарын судлаачид, албаныхан баталж байна.

Мөн дотооддоо зэвсэг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах болжээ. Тэр ч байтугай өөрийн үйлдвэрлэсэн зэвсгийг ОХУ болон бусад улсуудад нийлүүлэх боломжийг судлах болсон байна.

Вьетнам улсын анх удаа зохион байгуулж буй олон улсын томоохон зэвсгийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байгаа юм байна.

Уг арга хэмжээнд дэлхийн 30 улсын 170 гаруй компани оролцохоор бүртгүүлжээ. Тэдний дунд АНУ-ын Lockheed Martin, Францын Nexter зэрэг томоохон үйлдвэрлэгчид багтсан байна.

Ханой хотод гурван өдөр үргэлжлэх арга хэмжээ нь “улс орны армийн хэрэгцээний болон экспортод зориулсан цэргийн зэвсэг техникийг худалдан авах сувгийг өргөжүүлж, төрөлжүүлэх зорилготой” гэж Вьетнамын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Одоогоор Вьетнам улс хуягт тэрэг болон танк эсэргүүцэгч, гар бөмбөг харвагч, пулемёт зэрэг хөнгөн зэвсэг үйлдвэрлэдэг болоод байгаа ажээ.

Дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг техникийг ОХУ-д нийлүүлэх боломжийн талаар хаалттай хэлэлцүүлэг аравдугаар сард Вьетнамын эрх баригчдын хүрээнд болж байсан тухай тус улсын үндэсний их сургуулийн судлаач асан, одоо Австралийн Нью Соут Уэльсийн их сургуульд ажилладаг Нгуэн Тхе Пхуонг ярьж байна.

Одоо тус улс дрон, радарын систем, тэнгисийн хөлөг эсэргүүцэх зэвсэг зэрэг илүү нарийн технологийн бүтээгдэхүүнийг гаргахаар гадаадын компаниудтай хамтран ажиллаж байгааг тэр бас баталжээ.

Гэхдээ энэ салбарт шинэ тоглогч болж буй Вьетнамд үйлдвэрлэсэн зэвсгийг хөрш Лаос болон Африкийн зарим орнууд хямд үнээр авах төлөвтэй байгааг Сингапурын ISEAS-Yusof Ishak Institute хүрээлэнгийн цэргийн мэргэжилтэн Хоан Хоп ярьж байна.

Бас Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнууд худалдан авагч болох магадлалтайг Пхуонг мэдээлжээ.

2014 онд Вьетнам улсын импортын зэвсгийн 90 хувийг ОХУ дангаараа нийлүүлж байсан байна. Тэгвэл өнгөрсөн онд энэ хэмжээ 30 хувь болж буурчээ.

Оронд нь АНУ, Израил, Нидерланд, Өмнөд Солонгосоос авах зэвсгийн хэмжээ нэмэгдсэнийг SIPRI хүрээлэнгийн тоо баримт харуулж байна.

Украинд үргэлжилж буй дайн энэ хандлагыг цаашид улам гүнзгийрүүлэх төлөвтэйг Ханойн үзэсгэлэн худалдаанд оролцож буй салбарын мэргэжилтнүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters