Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны хүрээнд Эль Сальвадор улсын нэг хотыг 10,000 цэрэг бүсэлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг дарах зорилготой томоохон ажиллагааг эхлүүлснээ Төв Америкийн Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букеле өчигдөр зарлажээ.

Энэ ажиллагааны хүрээнд тус улсын Сояапанго хотыг зэвсэгт хүчний 10,000 орчим цэрэг бүсэлсэн байна.

Сояапанго нь 290,000 орчим оршин суугчтай Эль Сальвадорын томоохон хотуудын нэг юм. Нийслэл Сан Сальвадор хотоос 13 км зайтай оршдог энэ хот гэмт хэргийн бүлэглэлүүдийн гол төв болдог.

“Сояапанго хотыг бүхэлд нь бүсэлсэн. Цагдаа, армийн тусгай багууд тэнд үүрлэсэн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг нэг нэгээр нь баривчилж байна” гэж Букеле твиттер хуудсандаа бичжээ.

Тэрбээр энгийн номхон иргэдэд айж, сандралгүй тайван байхыг зөвлөсөн байна.

6.5 сая хүн амтай Эль Сальвадор улсад энэ оны эхээр гэмт хэргийн бүлэглэлүүдийн тэмцэл ширүүссэн тул гуравдугаар сарын сүүлчээр ерөнхийлөгч Букеле онц байдал зарлаж байжээ. Зөвхөн гуравдугаар сарын 26-ны өдөр 62 аллага гарсан нь эрх баригчдыг онц байдал зарлахад хүргэсэн юм.

Тэр үеэс хойш 58,000 орчим хүнийг баривчлаад байгаа.

Төв Америкийн Их сургуулиас явуулсан саяхны санал асуулгаар Эль Сальвадорын иргэдийн 75.9 хувь нь онц байдал зарласныг дэмжжээ.

 

Эх сурвалж: BBC