Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоох тохиролцоонд Европын Холбооны гишүүн орнууд хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг санхүүжүүлэх Кремлийн чадавхыг бууруулах зорилгоор Оросын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоох нэгдсэн шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнууд Баасан гарагт гаргажээ.

АНУ болон Их Долоогийн бүлгийн бусад орнууд Оросын газрын тосны нэг баррелийн үнийг $60-д хязгаарлах улс төрийн тохиролцоонд хүрээд байсныг Европын Холбоо ийнхүү баталгаажуулж байна.

Үнийн дээд хязгаар Даваа гарагаас мөрдөгдөж эхэлнэ.

Европын Холбооны шийдвэрийн дараа Их Долоогийн бүлэг болон Австрали улс ижил арга хэмжээ авчээ.

Польш улс дээрх хязгаарыг хэтэрхий өндөр, илүү бууруулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр Европын Холбооны шийдвэрийг дэмжихээс татгалзаж байснаа Баасан гарагийн орой зөвшөөрөхөөр болсон байна.

Ингэснээр Оросын түүхий газрын тосыг дэлхийн бусад улс орнууд тогтоосноос өндөр үнээр худалдаж авбал АНУ, Европын Холбоо, Их Долоогийн бусад гишүүн орнуудын эдийн засгийн хоригоор шийтгүүлэх болж байгаа юм.

Үр дүнд нь ОХУ-ын эрх баригчдын газрын тосноос олдог орлого буурч, Украины дайныг санхүүжүүлэх чадавх нь сулрах болоод байна.

Өчигдөр Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цаашдаа Украины эрчим хүчний байгууламжуудад өгөх цохилтыг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

“Оросын иргэний дэд бүтцэд халдсан Киевийн өдөөн хатгалгын хариуд ийм арга хэмжээ авах нь зайлшгүй” гэж Путин хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тэрбээр Крымийн гүүрэнд халдсан аравдугаар сарын үйл явдлыг энд дурдсан нь тодорхой юм.

Нэг цаг орчим хугацаанд ярилцахдаа Шольц “цэргээ Украинаас гаргаж, сөргөлдөөнийг зогсоох дипломат арга зам яаралтай хайж олохыг ОХУ-ын ерөнхийлөгчид уриалсан” тухай Германы тал мэдээлжээ.

Харин Путин хариуд нь Өрнөдийнхний санхүүгийн болон улс төрийн тусламж дэмжлэг Киевийн эрх баригчдыг хэлэлцээний ширээний ард суухад саад болж байгааг шүүмжилсэн байна.

Оросын армийн агаарын цохилт Украины эрчим хүчний дэд бүтцийн тал орчим хувийг сүйрүүлж, олон сая иргэнийг харанхуй, хүйтэн нөхцөлд амьдрахад хүргээд байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP