Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Европ дахь Украины элчин сайдын яамд илгээмжээр “амьтны нүд” хүлээн авчээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Европын зургаан улс дахь Украины элчин сайдын яамд, консулын газрууд дотроо ямар нэг амьтны нүд агуулсан илгээмж хүлээж авсныг Киевийн албаны эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ.

Тухайлбал Унгар, Нидерланд, Польш, Хорват, Итали дахь элчин сайдын яамд, Италийн Наполи, Польшийн Краков, Чехийн Брно хотууд дахь консулын газрууд ийм “цуст илгээмж” хүлээж авсан тухай Украины гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко сошиал хуудсандаа бичсэн байна.

Илгээмж ямар утга агуулгатай болохыг судалж байгаагаа бас мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Испанийн нийслэл Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд тэсрэх төхөөрөмжтэй илгээмж ирж, задлах үед гал гарснаас нэг ажилтан нь шархадсан юм.

Испанийн ерөнхий сайд болон өөр хэд хэдэн хүнд бас ийм илгээмж ирснийг аюулгүй болгожээ.

Эдгээрээс гадна Ватикан дахь Украины элчин сайдын амьдардаг байрны үүдийг эвдэн сүйтгэж, Казахстан дахь элчин сайдад бөмбөг дэлбэлэх анхааруулга ирсэн байна.

Гадаад орнууд дахь Украины бүх элчин сайдын яамд, консулын газрууд аюулгүй байдлаа чангатгах арга хэмжээ авчээ.

Мадридад тараасан илгээмжүүд дотор бага хэмжээний тэсрэх бодис, жижиг металл бөмбөлгүүдээс бүрдсэн гар хийцийн төхөөрөмж байсныг Испанийн хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Ийм илгээмжийг задлахад шууд дэлбэрдэггүй, гал асаж, шатдаг болохыг цагдаагийн эх сурвалж ярьсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Одоогоор эрх баригчид бөмбөгтэй илгээмжийг хэн илгээсэн талаар ямар нэг сэжиг, таамаг, мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press