Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Тусгаар тогтнол” математикийн олимпиадын хоёрдугаар шат өнөөдөр эхэллээ.

Энэхүү математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал бүхий хоёр үе шаттай. Үндэсний ангилалд нийслэлийн зургаан дүүрэг болон 13 аймгаас нийт 2,306 сурагч оролцсон байна. Тэднээс 260 сурагч шалгарч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эздийг тодруулав.

Математикийн олон улсын олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казахстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн олон улсын олимпиад амралтын өдрүүдэд болж, Даваа гарагт дүнгээ танилцуулна

Олон улсын олимпиадыг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг аж. Тодруулбал, 6-8 дугаар ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги тус бүрийн эхний 15 орчим сурагч, хөдөө орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоор онцлогтой.

Уг олон улсын олимпиадыг амралтын өдрүүдэд зохион байгуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт дүнгээ танилцуулна гэдгийг оролцогчид хэлж байв. 

“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиад нь “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачилгаар 2011 онд зохион байгуулагдсанаас хойш найм дахь удаагаа амжилттай болж байгаа бөгөөд олон улсын олимпиадын хувьд дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй.

Хамгийн анхны математикийн олон улсын олимпиад 1894 онд Унгар улсад зохион байгуулагдаж байжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачилгаар 1960 онд Улаанбаатар хотын сонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй. 

/Гэрэл зургийг MPA.mn/