Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Машин ачихдаа цагдаагийн албан хаагчийн хяналт дор явуулаагүй зөрчлүүд илэрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхийг шалгажээ.

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан нийт 14 компани цагдаагийн албан хаагчаас олгосон зөвшөөрлийг үндэслэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй нь тогтоогджээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130,537 зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс цахимаар олгосон 88,915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, хүргүүлжээ.