Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд, цагдаа нар тулгарсны маргааш Хятадын Гуанжоу хот хөл хорионы дэглэмээ сулрууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн орой Хятадын өмнөд эргийн Гуанжоу хотод цар тахлын хорио цээрийг эсэргүүцсэн иргэд цагдаагийн хүчтэй тулгарсан юм.

Харин маргааш нь буюу Лхагва гарагт эрх баригчид буулт хийж, тус хотод үйлчилж байгаа хөл хорионы дэглэмээ сулруулжээ.

Хотын дүүргүүдийн тал орчмыг хөл хорионоос чөлөөлж, иргэдийг бөөнөөр нь PCR шинжилгээнд албадан хамруулах ажлыг зогсоосон байна.

Гуанжоу хот нь өнөөдөр Хятад даяар дэгдээд буй коронавирусийн халдварын шинэ давлагааны гол төв юм. Хятадын баруун өмнөд бүсийн Чунцин хотод бас өчигдрөөс эхлэн зарим дэглэмээ сулруулжээ. Тодорхой шалгуур хангасан ойрын хавьтлуудыг албадан тусгаарлахгүй, гэртээ өөрийгөө тусгаарлах боломжоор хангах болсноо тус хотын захиргаа мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Хятадын олон хотод цар тахалтай тэмцэх засгийн газрын “тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан үргэлжилж байгаа.

Энэ нь 2012 онд Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болсноос нь хойш ажиглагдаагүй ховор үзэгдэл юм.

АНУ-аас санхүүждэг China Dissent Monitor байгууллагын мэдээлснээр өнгөрсөн Бямба гарагаас Даваа гараг хүртэл хугацаанд Хятад даяар 27 эсэргүүцлийн арга хэмжээ бүртгэгджээ.

Өчигдөр бас iPhone-ий дэлхийн хамгийн том үйлдвэр байрладаг Зэньжоу хотын захиргаа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэс дараатай сэргээх тухай мэдэгдсэн байна.

“Тэг ковид” бодлого Хятадын эдийн засагт хүндээр тусаж байгаа.

Өчигдөр Хятадын засгийн газраас гаргасан арваннэгдүгээр сарын тоо баримтаас харвал тус улсын аж үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарын үзүүлэлт Шанхай хотод хоёр сарын хугацаатай хөл хорио тогтоосон энэ оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн муу түвшиндээ хүрчээ.

 

Эх сурвалж: Aljazeera