Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн компаниудад нэгдсэн менежмент байхгүйгээс тус бүрдээ хүн ихтэй маршрут руугаа төвлөрч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Түгжрэлийг бууруулах бодлогын хамгийн том хэсэг нь нийтийн тээврийн асуудал. 2008 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цогцоор нь хийсэн. Түүнээс хойш Монгол Улсын болон Улаанбаатар хотын жил жилийн төсвүүдэд нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогыг авч хэрэгжүүлж байгаагүй нь бидний буюу төр засгийн томоохон алдаа дутагдал.

Нөгөө талд нийтийн тээврийн салбарын бүх хариуцлага, ачааллыг төр өөр дээрээ авч явсан нь бас нэг алдаа" хэмээн онцлов.

Үргэлжлүүлэн "Бид 2023 оны төсвийн 320 тэрбум орчим төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтийн үйл ажиллагаанд зориулан баталсан. Үүгээр төрийн болон хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа ААН-үүдийн парк шинэчлэлтийг цогцоор нь шийдэх бодлогыг эхлүүлж байна. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай 17 нэгжийг хамтарч нэгдээд, зардлаа бууруулж, менежментийг нэгдсэн цогц байдлаар авч явах бодлогыг Засгийн газар дэмжиж байгаа.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа ашиг орлого олдоггүй мөртлөө төрөөс татаас авах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа тухайн компаниудыг менежментээ нэг болгож, ашиг орлогоо хамтдаа хүртэж явдаг байх боломжийг бий болгохыг хүсэж байна. Ийм менежмент байхгүйгээс тус бүрдээ олж байгаа орлого нь үйл ажиллагаандаа хүрэхгүй, төрөөс татаас авч байна.

Нөгөө талд нийтийн тээврийн маршрутыг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлсэн оновчтой байлгаж чадахгүй байна. Учир нь илүү ашиг орлоготой, хүн төвлөрсөн маршрут руугаа маш олноороо төвлөрч ажиллаж байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотын төвийн зарим автобусны буудалд 30 гаруй чиглэлийн автобус ирж зогсож байгаа нь ч маршрутын оновчгүй байдлыг бий болгож байна.

Мөн хүн ам төвлөрсөн хотын төвтэйгөө харилцаа үүсгэх чухал гэж үзэж байгаа авто замууд, маршрутад нийтийн тээвэр хүрэлцээгүй байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс нийтийн бодлогын шинэчлэлд нь оролцож, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Энэ асуудлыг өнөөдөр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал дээр ярилцана. Цаашлаад төсөв хэрэгжүүлэх эрх нь нээгдэж байгаатай холбоотойгоор олон улсын түвшинд бид ямар төрлийн автобусыг Улаанбаатар хотод ашиглах вэ гэдэг шийдлээ гаргана" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1104341940272089