Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч иргэнээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээллээ.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч нь 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэний нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудыг шалгалгүй явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн пүүзний төлбөрийг төлүүлж хахууль авчээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуулийн заалт:

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

4. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.