Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. 

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро
  2. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү 

Алтан гадас одонгоор

  1. Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки
  2. Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико
  3. Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио
  4. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори
  5. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато
  6. "Heart saving project" төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи
  7. "Мабучи Мотор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи
  8. "Шима Сейки" хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро

Найрамдал медалиар

  1. Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи
  2. Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко
  3. "Глобал" Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори

Шагнал хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэе. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такенори Шимизү “Миний сэтгэл маш өндөр байна. Элчин сайдын ажлаа өгснөөс хойш 5-6 жил Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллалаа. Ялангуяа их, дээд сургуулиудад Монголын тухай лекц уншдаг байсан. Өнөөдөр би шавь нартайгаа хамт ирсэн. Би энэ шагналыг ганцаараа биш, Монголын тухай судалгаа хийж байсан, хийдэг оюутнуудынхаа хамт авсан гэж бодож, маш их баярлаж байна" хэмээв.

Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки "Би 1979 онд оюутан байхдаа нэг жил Улаанбаатарт суралцсан. Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор уг хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авсандаа маш их баяртай. Мал аж ахуй, нүүдэлчдийн соёл миний сэтгэлийг татдаг. Одоо малчин хүн цөөрч байна. Гэхдээ нүүдэлчдийн сэтгэлгээ бол өөр. Та бүхний дотор ч нүүдэлчдийн сэтгэлгээ оршин байгаа. Мал маллахгүй ч нүүдэлчдийн сэтгэлгээ байсаар байгаа тул энэ талаар судалж, цаашид ч хадгалж явах учиртай гэж бодож байна" гэсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато "Манай хоёр улсын харилцаа бол хүн төвтэй, хүний харилцаанд тулгуурладаг. Цаашид ч үүнд төвлөрч, харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлнэ найдаж байна. Мэдээж хэрэг эдийн засгийн харилцаа чухал. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс төр, аюулгүй байдлын харилцаа чухал гэж бодож байна. Мөн боловсрол, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хоёр улс харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай" гэв. 

Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико "Монгол Улсын дээд одон хүртсэндээ маш их баяртай байна. Энэхүү шагналыг зөвхөн надад олгож байгаа биш, ЖАЙКА байгууллага, Япон улсын Засгийн газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Хоёр улс Дунд хугацааны хөтөлбөр байгуулж байгаа. Үүний дагуу ЖАЙКА олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаагаа явуулах болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.