Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх лам нар нь мансууруулах бодисын шинжилгээнд бүдэрснээс Тайландын нэг сүм эзгүйрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тайланд улсын төв бүсийн нэг сүмийн лам нарын дунд мансууруулах бодисын шинжилгээ явуулахад бүгд хэрэглэсэн байсан тухай орон нутгийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Даваа гарагт тус улсын Петчабум мужийн Бун Сам Пан дүүргийн Буддын шашны нэг сүмийн дөрвөн ламын метамфетамины шинжилгээний хариу эерэг гарсан юм байна. Лам нарыг мансуурах донгоос гаргах эмчилгээнд явуулсны улмаас сүм нь эзгүйрсэн тухай дүүргийн захиргааны төлөөлөгч Бүнлерт Тинтаптай орон нутгийн хэвлэлд ярьжээ.

“Сүм эзгүй байгаа тул ойр орчмын тосгоны иргэд мөргөл үйлдэх, өргөл барьц өгөх боломжгүй болсон” гэж тэр ярьсан байна.

Бүнлерт өөр сүмээс лам нарыг илгээж, иргэдийн шашин мөргөлийн хэрэгцээг хангах арга хэмжээ авах гэж байгаагаа мэдэгджээ.

Тайланд бол метамфетамин төрлийн мансууруулах бодисын гол дамжуулагч орон болдог. Хөрш Мьянмар улсын зах хязгаар нутагт ийм төрлийн бодисыг ихээр үйлдвэрлэж, Лаосоор дамжуулан Тайландад нэвтрүүлдэг тухай НҮБ-ын Хар тамхи, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдаж байв.

Тайландын хар зах дээр метамфетамины нэг ширхэг үрэл 20 бат ($0.50) хүрэхгүй үнээр зарагддаг байна.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Тайландын эрх баригчид Австрали руу илгээх гэж байсан боксын дасгалын цохиурууд дотор $30 саяын үнэ хүрэх метамфетамин нуусныг илрүүлж байжээ.

 

Эх сурвалж: AFP