Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхжаргал: Асуудлыг олж хараад түүнийхээ төлөө бага ч болтугай үйлдэл гаргаж байгаа бол та хүний эрхийн хамгаалагч

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК) "Эмнести Интернэшнл" хамтран "Эрх хамгаалагч зоригтон-2022" арга хэмжээг Холидэй Инн зочид буудалд зохион байгуулав. 

ХЭҮК-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов "Шри Ланка улсад 2005 онд арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-нд олон улсын хүний эрхийг хамгаалагчдын уулзалт болсон. Уулзалтаар хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн асуудалд анхаарлаа хандуулж, энэ цаг үеэс хойш жил бүр хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдрийг зохион байгуулах тунхаглалыг гаргасан. 

2006 оноос хойш хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийг алдаршуулах, тэднийг олон нийтэд таниулах, үйл ажиллагааг нь сурталчлах зэрэг чухал ажлыг хийж ирсэн.

Хүний эрхийг хамгаалагчийн талаар 1998 оны НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалд тодорхой заасан байдаг. Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь ганцаараа буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хэн бүхнийг хэлнэ. Тиймээс хэн ч хүний эрхийн хамгаалагч болох боломжтой.

Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор бид “Зоригтон” хөрөг найруулал, мультмедиа уралдаан зохион байгууллаа. Уралдаан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнөөдөр дүнгээ гаргаж байна" гэдгийг хэлэв. 

"Хүний эрх гэдэг бол хүн шиг амьдрахын тулд зайлшгүй шаардлагатай наад захын баталгаа"

зураг
 

Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Энхжаргал "Хүний эрхийг хамгаалагчийг өвөрмөц, бусдаас өөр, зоригтой, хүчтэй мэтээр төсөөлөх нь бий. Хүсвэл хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно. Хэн нэгэн миний өмнөөс энэ асуудлыг шийднэ гэж найддаггүй, хүлээдэггүй эсвэл амьдрал угаас ийм гээд дасан зохицдоггүй, болохгүй байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхийг хичээдэг хүн болгон хүний эрхийг хамгаалагч.

Хүний эрхийг хамгаална гэдэг нь маш энгийн үйлдлээс л эхэлнэ. Жишээ нь, хөрш тань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байвал дуудлага өгч байгаа бол та хүний эрхийн хамгаалагч гэсэн үг. 

Миний ажиллаж байсан салбарт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах ямар ч эрх зүйн хамгаалалт байгаагүй. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц тогтолцоог бий болгох үйлд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна.

Түүнчлэн осол гэмтлийн улмаас хүүхдээ алдсан залуу эцэг, эх яг энэ төрлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийх үйлдэлд бусдыг уриалан дуудаж байна гэдэг чинь хүний эрхийг хамгаалж буй үйл хэрэг. Амьдралд байж боломгүй зүйлтэй эвлэрэхгүйгээр өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийе, өөрийнхөө төлөө бага ч болтугай алхам хийе гэж бодож, хөдөлж байгаа хүмүүсийг хүний эрхийн хамгаалагч гэж хэлж болно.

Хүний эрх гэдэг бол хүн шиг амьдрахын тулд зайлшгүй шаардлагатай наад захын баталгаа. Энгийн жишээ татахад, та хүн шиг амьдрахын тулд түгжрэл, мөсөн гулгуур шиг болсон замыг өөрчлөх ямар оролдлого хийж болох вэ. Үүнийг ганцаараа ч хийж болно, нэгдэж ч болно. Асуудлыг олж хараад түүнийхээ төлөө бага ч болтугай үйлдэл гаргаж байгаа бол хүний эрхийн хамгаалагчийн эгнээнд нэгдэж байна гэсэн үг" гэлээ. 

Аливаа заналхийлэл, сүрдүүлэгт илүү эмзэг байдаг учраас олон улсын түвшинд эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын өдрийг тусгайлан тэмдэглэдэг. Тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг таниулж, олон нийтэд ойлгуулах зорилготой гэдгийг тэрбээр хэлэв.