Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Аялал жуулчлалын тухай хуульд ховор амьтдыг дуудлагаар худалдахаар тусгасныг эсэргүүцэж байна"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БОАЖЯ-наас Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах асуудлыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгаж байгааг ан амьтан хамгаалах ТББ-ууд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийв.

Тодруулбал, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлд аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор, тул загас агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгоно гэж заажээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатар ярьсан юм.

Тэрбээр “Шинэ хуулийн төслийн 18 дугаар зүйл дээр ховор амьтдыг дуудлагаар худалдах тухай тусгасан нь хэд хэдэн хор уршигтай.

Аялал жуулчлалын тухай хууль бол тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Гэтэл тус хуулийн төсөлд амьтан болон агнуурын тухай байгаа нь тохиромжгүй.

2012 онд Амьтны тухай хууль батлагдсанаар ан амьтныг агнахдаа хилийн цэс бүхий агнуурын бүс нутагт агнана гэдгийг тодорхой тусгасан байв. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газраас бусад нутагт амьтан агнадаг байсныг халсан нь чухал ач холбогдолтой" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХААИС-ийн багш, агнуур зүйч Э.Магсаржав хэлэхдээ “Олон улсын хууль дүрэмд зэрлэг амьтны ашиглалт хамгаалалт уялдах ёстой гэж тусгасан байдаг. Харин Аялал жуулчлалын 18 дугаар зүйл заалтад зөвхөн ашиглах тухай л хөндсөн нь олон эрсдэлд хүргэнэ.

Ховор амьтан агнах, барих журмын өөрчлөлтөд ашиглалтыг оруулсан ч хамгаалалтыг мөн л орхигдуулсан.

1990-2012 онд ан амьтан ашиглалтын тогтолцоо хэрэгжихгүй явснаар зарим зүйлийн амьтны тоо толгой 90 гаруй хувиар буурч, нэн ховор ангилалд орсон. 2012-2022 онд амьтны ашиглалт, хамгаалалтыг нутгийн иргэдэд шилжүүлсэн. Ингэснээр 17 аймгийн 135 сумын хэмжээнд аргалийн тоо 20 мянга болж өссөн.

Зэрлэг амьтны ашиглалт, хамгаалалтыг зөв тогтолцоогоор авч явахгүй бол тодорхой цаг хугацаанд хориглох нь зүйтэй” гэдгийг хэллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Монголын тандан судлалын холбоо ТББ-ын тэргүүн, Байгаль орчин тандан судлаач Б.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Байгалийн нөөцийн зургаан объект байдгийн нэг нь зэрлэг ан амьтан. Гэтэл одоо агнуурын дуудлага худалдаа нэрээр амьтдаа цаазын тавцанд аваачих нөхцөл бүрдлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөр улсын төсөвт их мөнгө оруулж байгаа мэт боловч, бодит байдалд хувийн хэвшлийнхэн илүү ажиллаж байгаа. Тиймээс ан амьтан агнуурыг зөв голдиролд оруулах хамгийн чухал асуудал болоод байна" хэмээв.