Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярсайхан: Шугам тоноглолыг сольж дулаалснаар жил бүрийн халаалтын улиралд 1.7 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулаан хангамжийн төлөв байдал, тулгамдсан асуудлын талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Одоогийн байдлаар жилд 3-5 километр дулааны шугамыг сольдог. Нийт шугамын 20.1 хувь буюу насжилтын хугацаа дууссан 74.6 километр урттай шугамыг 2041 он хүртэлх хугацаанд бүрэн солихын тулд жилд дунджаар 8-10 километр шугамыг шинэчлэн солих шаардлагатай. Иймд шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Төв шугам дээр гарч байгаа гэмтэл сүүлийн үед их болж байгаа. 2021 онд манай компанийн эзэмшлийн төв шугам, тоноглолд нийт 81, хэрэглэгчийн салаа  шугамд 179 гэмтэл саатал гарч 48.9 сая төгрөгийн акт тавьсан. 

Хэрэглэгчийн салаа шугамд гарсан гэмтлийг 2020 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн дүнтэй байна. Насжилт дууссан шугамын чанар муудсанаас шалтгаалж халаалтын улиралд гэмтэл гарах, сүлжээний дулаан хангамж хязгаарлагдаж, доголдож болзошгүй нөхцөлд байна" гэсэн юм. 

Дулаан сүлжээний алдагдлын талаар "Энэхүү алдагдал 18 хувьтай байна. Уг алдагдлын гол хувийг түгээх сүлжээний болон барилгын дулааны алдагдал эзэлж байна. Цаашид дулаан сүлжээний алдагдлыг 16 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Шугамын дулааны алдагдлыг бууруулахын тулд дулаалгын материалын чанарыг сайжруулах нь чухал.

Ашиглалтын хугацаа дууссан боловч ашиглагдаж байгаа азбест, цементээр дулаалсан шугамыг шинэчлэн дулаалснаар алдагдлыг 1.5-3 дахин бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжид ил байрласан 52.6 километр шугам хоолойн дулаалгыг 26 тэрбум төгрөгийн төсвөөр сольж шинэчлэх шаардлагатай. Уг шугам тоноглолыг сольж дулаалснаар жил бүрийн халаалтын улирлын хугацаанд 1.7 тэрбум төгрөгийн эрчим хүчний хэмнэлт бий болох урьдчилсан тооцоолол гарсан" гэлээ.