Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: "Архи уу" гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Иймд уг хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ. 

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэлээ. 

Мөн тэрбээр хуультай холбоотойгоор "Уг хуулийн хүрээнд хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй согтууруулах ундааны хэрэглээг багасгах зорилт тавьсан. "хатуулаг" гэж согтууруулах ундаанд агуулагдах этилийн спиртийн хэмжээг эзлэхүүний хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг хэлнэ. Хуулиас онцолбол,

  • Согтууруулах ундааны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх эргэлтэд нь хяналт тавьдаг, мэдээллийн сантай болсон. Ингэснээр хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн хүргэх юм.
  • Одоогийн мөрдөгдөж буй Онцгой албан татварын  хуулиар согтууруулах ундааны хатуулаг  25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шаталттай байсан. Харин шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулгыг хоёр градусын ялгамжтайгаар арван үе шаттай болгосон. Өөрөөр хэлбэл хоёр градусаар ахих тусам татвар нь нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2025-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үеэ шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр хуульчилсан.
  • Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, хоёр хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж нэрлэнэ.
  • Уламжлалт аргаар бэлтгэж, хувийн хэрэгцээндээ хэрэглэх нэрмэл архинд хууль үйлчлэхгүй. Сонирхуулахад айргийн хатуулаг судалгаагаар 0.5-2.5 гэж гарсан.
  • Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална. Ингэхдээ худалдаа үйлчилгээ бол тав, үйлдвэрлэл арван жилийн зөвшөөрлийн хугацаатай болгосон. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгасан.
  • Татварын өртэй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
  • Үйлчилгээний байгууллагууд дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй болсон.
  • Үйлчилгээний байгууллагын ажилчид согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх ёстой. Энэ сургалт нь үйлчлүүлэгчдэд хууль тогтоомжийн зохицуулалтын талаар танилцуулах бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус байгууллагууд зохион байгуулна.
  • Сургалтын төлбөрийн талыг Засгийн газрын тусгай сан болох Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргана.
  • Төрийн байгууллагын хувьд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно" гэв. 
Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх үйлдвэрлэгчдэд хамаатай нэг заалт оржээ. Энэ нь 18%-аас дээш хатуулагтай архины савлагааны хэмжээг заасан. Өөрөөр хэлбэл 18%-аас дээш градусын согтууруулах ундааны савлагааг 0.33 литрээс хэтрүүлэхгүй гэдгийг тэрбээр нэмж онцоллоо.