Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Балжинням: Гуравдугаар сарын 18-нд эрчим хүчний хоногийн ачааллын графикт өөрчлөлт ордоггүй. Бусад бүх баяраар өөрчлөгддөг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний системийн оргил ачаалал, түүнийг хаах арга замын талаар "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Оргил ачааллын үед 1 градусаар хүйтрэхэд 10 мВт нэмэгддэг. Даваа гараг эрчим хүчний хэрэглээний хувьд бусад гарагаас өндөр байдаг. Дараа нь Баасан гараг орно. Амралтын өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг. Баяр ёслолын үе бас оргил ачаалалтай байгаа.

Ганцхан баяраар эрчим хүчний хоногийн ачааллын графикт өөрчлөлт ордоггүй. Энэ бол гуравдугаар сарын 18. Бусад бүх баяраар эрчим хүчний хоногийн ачааллын графикт өөрчлөлт ордог.

Оргил ачаалал өвөл 19:00-22:00, зун 11:00-12:00 цагийн хооронд үргэлжилдэг. Дэлхийн дулааралтай холбоотойгоор хөргөлтийн систем ашигладаг болсон. Тиймээс зуны улиралд өдөр 11:00 цагт их ачаалалтай байгаа. Хавар, намрын улиралд энэхүү ачаалал өвлийнхөөс хойшилж, 20:00-21:00 цаг болдог. 

2021 оны төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хоногийн их, бага ачааллын дундаж зөрүү 247-335 мВт, хамгийн ихдээ 403 мВт, хамгийн багадаа 138 мВт гарсан байна. Шөнийн бага ачааллын цагаар үйлдвэрлэлээ явуулах нь эрчим хүчний системд хэрэгтэй. 

Ирэх жилээс их чадлын цэнэг хураагуур, дамжуулалт түгээлтийн хувьд бүтээн байгуулалтын ажил хийж байна. Горим төлөвлөлтийг бодит байдалтай ойртуулж хийж чадсанаар урьдчилж арга хэмжээгээ сайн авна.

Хэрэглэгч нарыг ангилах ёстой байна. Ухаалаг тоолуур тавиад аль хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэзээ их байдаг гэдгийг ангилснаар төлөвлөлт сайжирна. 

Дата төвийн ашиглаж буй эрчим хүч 200-250 тэрбум кВт.цаг буюу Өмнөд Африкийн нэг улсын жилийн хэрэглээтэй дүйцэж байна. 

Тиймээс

  1. Хэрэглээний онцлогт тохирсон маневерлах чадвар бүхий эх үүсвэрийг түлхүү хөгжүүлэх,
  2. Хэрэглээгээ ухаалгаар зохицуулах. Монгол Улсын эрчим хүчний системд тохирсон менежмент, технологийн арга замыг баримталсан бодлогыг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ. 

Цахилгаан автомашины талаар "Монгол Улсад 521 цахилгаан автомашин байдаг. 5-9 цаг цэнэглэдэг. Нийт ачаалал нь 363 мВт. Манай улсад 770 мянган суудлын автомашин бий. Үүний зөвхөн 20 хувийг цахилгаан автомашинаар сольсон тохиолдолд 1,000 мВт нэмэгдэнэ. Цахилгаан автомашиныг оройн ачааллын цагаар цэнэглэх магадлал өндөр" гэсэн юм.