Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногт нийслэлийн төсвийг хэлэлцэж байна. НИТХ-аар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод өгөхөөр тооцоолжээ.

Харин Нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд:

  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7,141 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
  2. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
  3. 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн олговрын зардал
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэг
  5. Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
  6. Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал
  8. 1,100 орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  9. Нийгмийн халамжийн сангийн зардал
  10. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
  11. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал
  12. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын Хөгжлийн Банканд төлөх хүүгийн төлбөрийг төлөх
  13. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол Улсын Хөгжлийн Банканд 2023 онд төлөх төлбөр
  14. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, бичил бизнесийг дэмжих зардлыг тус тус тооцоолон тусгажээ. Дээрх зардлуудын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардалд тусгажээ.

Ирэх онд нийслэлийн төсөвт нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.

Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ.

Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа юм.

Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.