Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн боксчин Аргентины хөл бөмбөгийн од Мессид анхааруулга өгчээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ДАШТ-ий C хэсгийн хоёр дахь ээлжийн тоглолтод Аргентины шигшээ баг Мексикийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсон билээ.

Эхний гоолыг дэлхийн хөл бөмбөгийн од Лионел Месси өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Тоглолтын дараа хувцас солих өрөөний шалан дээр хэвтэж байсан Мексикийн тоглогчийн өмсгөлийг Месси өшиглөж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд таржээ.

Месси санаатай өшиглөөгүй, өмсгөл хөлд нь тээглэснээс ийм үйлдэл гаргасныг тодорхой харж болохоор байв.

Гэвч энэ үйлдэл Мексикийн зарим иргэдийг бухимдуулсан байна.

Тухайлбал тус улсын алдартай боксчин Саул “Канело” Алварез сошиал хуудсаараа дамжуулан Мессид хатуу анхааруулга өгчээ.

“Манай төрийн далбаатай өмсгөлөөр Месси шал арчиж байгааг та нар харав уу? Тэр намайг өөртэй нь битгий уулзуулаасай гэж бурханд залбирах хэрэгтэй. Би Аргентиныг хүндэлдэг шиг тэр ч бас Мексикийг хүндлэх ёстой. Би энэ улсыг бүхэлд нь хэлээгүй байна. Зөвхөн Мессигийн хийсэн зүйлийн талаар ярьж байна” гэж тэр бичсэн байна.

Алварез нь боксын дөрвөн өөр жинд дэлхийн аваргын медаль зүүж байсан Мексикийн алдартай боксчдын нэг юм.

“Тэд хөл бөмбөгөөр биднээс илүү байх нь нэг хэрэг. Манай орныг хүндлэх нь үүнээс тусдаа хэрэг” гэж тэр нэг сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Аргентины шигшээ багийн тоглогч асан Сержио Агуэро твиттер хуудсаараа дамжуулан Алварезт хариу бичсэн байна. “Ноён Канело, асуудал үүсгэх хэрэггүй. Та хөл бөмбөгийн талаар, хувцас солих өрөөнд юу болдог талаар сайн мэддэггүй бололтой. Тоглолтын дараа бид хөлстэй өмсгөлөө үргэлж шалан дээр хаядаг. Тэр хөлд нь санамсаргүй орооцолдсон өмсгөлийг холдуулж байгааг дүрс бичлэгээс тодорхой харж болохоор байна” гэж Агуэро тайлбарлажээ.

Аргентины шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Лхагва гарагт Польшийн багтай хийх юм. Эхний тоглолтдоо Саудын Арабын багт хожигдож дуулиан тарьсан аргентинчууд энэ тоглолтоор хасагдах шатанд өрсөлдөх эсэхээ шийднэ.

 

Эх сурвалж: CNN