Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Францын шүүх хамт олонтойгоо “ууж, наргидаггүй” ажилтныг хамгаалсан ховор шийдвэр гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Франц улсын давж заалдах шатны шүүх компаниуд ажилтнаа “хамт ууж, наргиж, хөгжилдөөгүйн төлөө” ажлаас халах ёсгүй гэсэн дүгнэлтийг саяхан гаргажээ.

Шүүхийн бичиг баримтад “ноён Т” гэж нэрлэгдсэн хүн 2015 онд Парис хотын Cubik Partners зөвлөх үйлчилгээний компаниас халагдаж байсан юм байна. Тэрбээр 2011 оноос хойш тус компанид ажиллажээ.

Ажлын дараа болдог хамт олны ууж, наргих арга хэмжээнд оролцдоггүй байсан нь түүний халагдах шалтгаан болж байсан аж.

Cubik Partners компанийн халагдах тушаалд Т-ийг компанийн үнэт зүйлсийн нэг болох “хөгжилдөх” соёлыг дагахаас татгалзсан нь албан тушаалд тэнцэхгүй байх шалтгаан болсныг дурдсан байна.

Харин “ноён Т” согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, садар самуун, дээрэлхэлт зэрэг янз бүрийн сөрөг үйлдэлд турхирдаг ийм арга хэмжээнд оролцохгүй байх эрхтэйгээ шүүхэд гаргасан гомдолд бичиж байжээ.

Тэрбээр үндэслэлгүй ажлаа алдсаны нөхөн төлбөрт 461,406 еврог компаниас нэхэмжилсэн юм байна.

2021 онд Парис хотын шүүх түүний эсрэг шийдвэр гаргаж байжээ. Т дараа нь дээд шатны шүүхэд дахин давж заалдаад сая ялалт байгуулсан байна.

Энэ сарын дундуур гарсан дээд шатны шүүхийн шийдвэрт Т компанийн олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах эрхтэй, суурь эрхээ хамгаалсных нь төлөө түүнийг ажлаас халах ёсгүй гэж дүгнэжээ.

Шүүхдэх ажиллагаанд гаргасан Т-ийн зардал болох 3,000 еврог Cubik Partners компаниар төлүүлэх, гаргасан 461,406 еврогийн нэхэмжлэлийг нь доод шатны шүүхээр дахин хянуулах шийдвэрийг бас гаргасан байна.

 

Эх сурвалж: Business Insider