Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжааны нийслэлд эсэргүүцлийн жагсаал болсны дараа хорио цээрийн дэглэмээ сулруулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Хятадын баруун хязгаар Шинжааны өөртөө засах мужийн төв Өрөмч хотын орон сууцанд гарсан гал түймрийн улмаас 10 хүн амиа алдсан юм.

Гал түймэр цахилгааны холболтод гарсан алдаанаас үүдэлтэйг орон нутгийн хэвлэл мэдээлж байв. Энэхүү осол гамшигтай холбоотойгоор Баасан гарагт Өрөмч хотын төвд иргэдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсаныг интернэтэд тарсан дүрс бичлэгүүд гэрчилж байв.

Гал түймэр орон сууцны барилгын 15-17 давхарт гарч, утаа нь 21 давхар хүртэл таржээ. Галыг унтраахад дөрвөн цаг зарцуулсан юм.

Цар тахлын эсрэг авсан хорио цээрийн арга хэмжээний улмаас эрх баригчид гал унтраах арга хэмжээг шуурхай авч чадаагүй гэж олон хүн үзэж байгаа юм байна.

Тиймээс Баасан гарагт олон зуун иргэн хорио цээрийн дэглэмийг цуцлахыг шаардаж, хотын захиргааны байрны гадна эсэргүүцлээ илэрхийлжээ.

Өрөмч хотод наймдугаар сарын сүүлчээс коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилготой хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэн юм. Ингэхдээ халдвар гарсан орон сууцны байруудыг лацдан, оршин суугчдыг нь хорьж байжээ.

Баасан гарагийн орой хотын захиргаа иргэдээсээ уучлал гуйж, үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг шийтгэхээ амласан нь ховор үзэгдэл байлаа.

Харин Бямба гарагийн өглөө Өрөмч хотын захиргаа хорио цээрийн дэглэмийг шат дараатай сулруулах болсноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Хотод халдварын тохиолдол буурч буй тул эрсдэл багатай дүүргүүдээс эхлэн хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болсныг энэ үеэр тайлбарласан байна.

Гэхдээ Пүрэв гарагт орон сууцанд гарсан галыг унтраахад хөл хорионы дэглэм бус, зам хааж байрлуулсан автомашинууд саад болсон гэж тайлбарлажээ.

Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэхийн хэрээр “Тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн иргэдийн бухимдал нэмэгдэж байгаа.

Бямба гарагт Сиань, Чунцинь, Нанжин зэрэг хотуудад мөн иргэд эсэргүүцэл илэрхийлсэн тухай мэдээлэл Хятадын сошиал орчинд тарсан байна.

Энэ долоо хоногт бас Зэньжоу хот дахь iPhone-ий үйлдвэрийн ажилтнууд хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятад даяар халдварын 35,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC