Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад 26 давхар гахайн ферм байгуулагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын төв бүсийн Хубэй мужийн Эжоу хотын ойролцоо 26 давхар шинэ барилга саяхан боссон нь орон сууц, эсвэл албан офис биш юм байна.

Харин гахайн фермийн зориулалттай дэлхийн хамгийн том байгууламж ажээ. Уг ферм нь жил бүр 1.2 сая гахай нядлах хүчин чадалтай юм байна.

Хятад улсын хүн ам амьтны гаралтай уургийн хэрэгцээнийхээ ихэнхийг гахайн махнаас авдаг.

Hubei Zhongxin Kaiwei Modern Farming компани фермийн шинэ барилгаа энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулсан байна.

Тус компани нь хүнсний салбарт анхны бизнесээ эхэлж байгаа ажээ.

Өмнө нь цемент үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж, Хубэй, Хэнань мужуудад хэд хэдэн үйлдвэртэй болсон юм байна. Сүүлийн жилүүдэд Хятадын барилгын салбарт хямрал нүүрлэсэн тул хүнсний бизнест хөрөнгө оруулахаар шийджээ.

Барилгын материал үйлдвэрлэх чадвар нь ийм том гахайн ферм байгуулахад давуу тал болсныг тус компанийн ерөнхий менежэр Жин Ли ярьж байна.

Ферм бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 800,000 метр квадрат талбайд 650,000 гахай үржүүлэх гэнэ.

Фермийг босгоход 4 тэрбум юанийн ($570 сая) хөрөнгө оруулжээ.

Төв хяналтын өрөөнд нэг товч дарахад 30,000 гаруй автомат тэжээл түгээгүүр ажиллах бүрэн автомат систем суурилуулсан байна.

Мөн гахайнуудаас гарах ялгадсыг био хий болгон боловсруулж, фермийн эрчим хүч, ус халаалтыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Дэлхийн гахайн махны хэрэглээний талаас илүү хувь Хятад улсын зах зээлд оногддог.

Гэхдээ ийм олон гахайг нэг дор өсгөх нь био аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилж байгаа ажээ.

Тухайлбал Хятад улс 2018-2020 оны хооронд Африкийн гахайн ханиад өвчний улмаас 100 сая гаруй гахайгаа алдаж байсан байна.

“Амьтдыг өндөр нягтралтай орчинд өсгөж үржүүлэх нь халдварт өвчин тархах, вирус мутацлагдах эрсдэлийг бас нэмэгдүүлнэ. Өөр нэг чухал асуудал нь дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд махны хэрэглээгээ бууруулах талаар ярьж байхад ийм том ферм байгуулах хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй юм” гэж Хонконгийн Сити их сургуулийн профессор Дирк Файффер шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian