Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайнд хүүгээ алдсан эхчүүдийн төлөөлөлтэй уулзжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Украины дайнд хүүгээ илгээсэн эхчүүдийн төлөөллийг анх удаа хүлээн авч уулзжээ.

Уулзалтад оролцсон 17 эхийн хөвгүүдийн зарим нь одоо Украины фронтод дайтаж байгаа, зарим нь амь үрэгдсэн юм байна.

“Би хувьдаа болон манай улсын бүх удирдлага та бүхний зовлон шаналлыг хуваалцаж байгааг энд хэлмээр байна. Алдсан үр хүүхдийг тань юугаар ч орлуулах боломжгүйг бид ойлгож байна” гэж хэлэхдээ Путин уртаар санаа алдаж, үе үе хоолойгоо засаж байв.

Телевизээр дамжуулсан энэхүү уулзалтын дүрс бичлэгт Путиний яриаг л сонсгосон бөгөөд эхчүүд юу ярьсныг оруулаагүй байна.

Эхчүүдийн төлөөллийг өндөр шалгуураар сонгосон, тэдний зарим нь Кремлийн бодлогыг дэмжигч хөдөлгөөний идэвхтнүүд байсан тухай сөрөг хүчнийхэн сүүлд мэдээлжээ.

Украины дайн эхлээд есөн сар өнгөрөөд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Оросын зэвсэгт хүчин хэр хэмжээний хохирол амссанаа албан ёсоор зарлахгүй байгаа. Хамгийн сүүлд АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли хэлэхдээ Орос, Украины талууд аль аль нь 100,000 орчим цэргээ алуулсан буюу шархдуулсан гэж тооцоолж байгаагаа мэдэгдсэн юм.

Баасан гарагийн уулзалт Москвагийн ойролцоох Путиний өргөөнд зохион байгуулагджээ. Путин энэ үеэр нэгэн эхэд хүү нь “зорилгынхоо төлөө явж байгаад амиа алдсан”, “дэмий үхээгүй” хэмээн хэлж байгааг Оросын төв телевиз харуулсан юм.

“Зарим хүмүүс архинаас болж нас бардаг. Тэдний амьдрал хэнд ч анзаарагдалгүй өнгөрдөг. Харин танай хүү утга учиртай амьдарч, зорилгодоо хүрсэн. Тэр дэмий үхээгүй” гэж Путин хэлсэн байна.

Тэр бас Украины дайны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтэд тарж буй “худал хуурмаг” мэдээлэлд автахгүй байхыг эхчүүдэд зөвлөжээ.

Уулзалтаас хойш хэдэн цагийн дараа тэмдэглэл нь Кремлийн вэб сайтад нийтлэгдсэн байна. Эндээс харвал эхчүүд Оросын өнцөг булан бүрээс ирсэн байжээ.

Тэдний нэг нь Украинаас салан тусгаарлагдаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэгдсэн Луганскаас ирж оролцсон байна.

Мөн Кремлийн бодлогыг дэмжигч Бүх Оросын Ардын Фронт төрийн бус байгууллага, байлдаж буй цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж цуглуулах зорилготой Дайчин Ахан дүүс хөдөлгөөний идэвхтнүүд Путинтэй уулзсан нь тодорхой болжээ.

Бас эрх баригч Нэгдсэн Орос намын нэг хууль тогтоогч энэхүү уулзалтад оролцсон байна.

 

Эх сурвалж: BBC