Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын шигшээ багийн ДАШТ-д гаргасан амжилт өштөн дайсныг нь хүртэл баярлуулжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Саудын Арабын шигшээ баг ДАШТ-ий хэсгийн тоглолтдоо Аргентины хүчирхэг багийг буулган авч дэлхийг шуугиулсан билээ.

Энэ нь бас Арабын ертөнцийн орнуудын бахархалт үйл явдал болсон юм.

Тэр ч байтугай олон жил Саудын Арабтай дайтаж буй Йемений зэвсэгт бүлэглэлийн удирдагчдыг ч баярлуулсан байна.

Йемений Хусит хөдөлгөөний удирдагчдын нэг Дхайфаллах Аль Шами “Аргентины багийг ялсан Саудын үндэсний шигшээ багт мянгантаа баяр хүргэе. Энэ ялалт Арабын хөл бөмбөгийг дэлхийн тавцанд дахин гаргаж ирлээ” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

1990-ээд оноос хойш Йемений засгийн эрхийг булаахаар тэмцэж буй Хуситуудтай Саудын Арабын зэвсэгт хүчин 2015 оноос хойш тасралтгүй дайтаж байгаа.

Хусит хөдөлгөөний удирдагчид өмнө нь Саудын Арабыг “чөтгөр шулмын гар хөл” гэж нэрлэж байсан удаатай.

Гэвч Арабын орны баг хөл бөмбөгийн спортод түүхэн амжилт гаргасан нь тэдний сэтгэлийг хөдөлгөсөн байна.

Хусит хөдөлгөөний олзлогдогсдын асуудал эрхэлсэн хорооны дарга Абулкадер Аль Мортада эхлээд Саудын талд баяр хүргэсэн мэдэгдэл сошиал хуудсандаа нийтэлсэн ч дараа нь устгажээ.

Сүүлд тэр тайлбарлахдаа Саудын Арабын бүрэлдэхүүнд байдаг ижил гарал угсаатай мужийн иргэдэд зөвхөн баяр хүргэсэн гээд “Саудын язгууртнуудын манай ард түмэнд учруулсан шарх маш гүн гүнзгий билээ. Би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж залруулсан байна.

Эндээс харвал Саудын Арабын шигшээгийн амжилт Хусит хөдөлгөөний удирдагчдын дунд хагарал үүсгэсэн бололтой.

Харин Йемений жирийн ард иргэд гудамж талбайд гарч, хөрш орныхоо амжилтыг ил тод тэмдэглэж байжээ.

Сошиал орчинд баярлаж хөөрсөн йеменчүүдийн дүрс бичлэг олноор тарсан юм.

Нэг хүн “Саудын ялалт нийт Арабчуудын толгойг өндийлгөж, Йемен даяар хүмүүс өөрийнх нь баг ялсан юм шиг баярлаж байна” гэж бичжээ.

Йеменчүүдийн баяр хөөрийг ховор сонин үйл явдал гэж үзэх онцгой шалтгаантай.

Ираны дэмжлэгтэй Хусит хөдөлгөөн 2014 оноос хойш Йемений газар нутгийн томоохон хэсгийг эзлэн авсны дотор нийслэл Санаа хот багтаж байгаа. Йемений албан ёсны засгийн газар нийслэл хотоосоо дүрвэсэн юм.

2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Йемений засгийн газрыг эрх мэдлийг сэргээхээр Хуситуудын эсрэг дайн зарлаж байв.

Ойрх Дорнодын гол хоёр өрсөлдөгч Саудын Араб, Ираны хоорондын прокси дайн болон хувирсан энэ гамшиг 150,000 гаруй хүний аминд хүрч, дэлхий нийтийн санааг зовоосон хүмүүнлэгийн хамгийн том хямралуудын нэгийг үүсгээд байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera