Уншиж байна ...

П.Анужин: ЭМД-аас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт үзүүлсэн зарим эм импортолсон үнээс 10-82%-аар өссөн

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын эм зүйн ажилтны II их хурал” Төрийн ордонд өнөөдөр болж байна. Тус хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эм зүйн ухааны доктор профессор Л.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан оролцож байгаа юм. Энэхүү хурлаар өнөөгийн эмийн чанар хүртээмж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хурлыг нээж хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт олгосон зарим бүлгийн эмийн үнэ импортолсон үнээс 10-82%-аар өссөн. Цаашид Монгол Улсын эмийн чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эмийн хүртээмжийг хүн амд тэгш олгох, үндэсний эмийн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна. Нэн тэргүүнд эм зүйн шинжлэх ухааны судалгааны ажил, лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх, мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэх нь чухал.
Өнөөдрийн хурлаар эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага, алдаа оноог дүгнэж, үүнээс шийдлээ зөв тодорхойлох, УИХ, Засгийн газар бодлогын оновчтой шийдвэр гаргахад зөвлөмж, санал хүргүүлэхэд чухал алхам болно гэдэгт миний бие итгэлтэй байна. Монголын өнцөг булан бүрд эм хангамжийн салбарт ажиллаж буй эм зүйч нартаа талархаж буйгаа илэрхийлье” хэмээв.

Л.Хүрэлбаатар: Чанаргүй, хуурамч эм борлуулж буй хүмүүстэй тэмцэх ёстой

Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн баатар, Эм зүйн ухааны доктор профессор, Академич Л.Хүрэлбаатар чуулганд оролцогч нарт хандан үг хэллээ.
Тэрбээр, Монголынхоо эм зүйн салбарынхандаа талархаж буйгаа илэрхийлье. Бид 30 гаруй жил нийт ард түмнээ эм, эмнэлгийн хангамжаар тасалдуулсангүй. Дэлхийн 50 шилдэг эм үйлдвэрлэгчийн ихэнх эм манай улсад худалдаалж буйг дурдахад таатай байна. Өнөөдөр манай улсад орчин үеийн GMP /Good manufacturing practice/ стандартын шаардлага хангасан долоон эмийн үйлдвэр төрөл бүрийн эм үйлдвэрлэж буй. 

Үүний зэрэгцээ чанаргүй, хуурамч эм борлуулж буй хүмүүстэй тэмцэх ёстой. Тэднийг илрүүлж, таслан зогсооход төр засагтай хамтран ажиллах нь бидний эрхэм үүрэг. Түүнчлэн эмийн чанар шалгах лабораторийг сайжруулан нэмэгдүүлэх, зарим эмийн үйлдвэр GMP стандартыг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэйг онцлов.