Уншиж байна ...

Mercedes-Benz автомашин эзэмшигч яльгүй хурдтай давхихын тулд онлайнаар хураамж төлдөг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Германы үйлдвэрлэгч Mercedes-Benz цахилгаан хөдөлгүүрт автомашиныхаа хурдлах боломжийг жилийн суурь хураамжтай болгох онлайн үйлчилгээг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.

Тодруулбал хэрэглэгч жилд $1,200-г төлбөл автомашиных нь 0-ээс 100 км/цаг хүртэл хурд авах хугацаа нэг секунд орчмоор богиносох юм байна.

Mercedes-Benz энэхүү төлбөртэй хурдны үйлчилгээгээ EQ 350, EQS 450 зэрэг седан болон SUV загварын цахилгаан хөдөлгүүрт автомашинууддаа нэвтрүүлэхээр болжээ.

Тухайлбал жилийн хураамж төлсөн хэрэглэгчийн Mercedes-EQ 350 SUV загвар 0-ээс 100 хүртэл км/цаг хурдлахдаа 5.2 секунд зарцуулах бол төлөөгүй хэрэглэгчийн автомашин 6.2 секунд зарцуулах юм байна.

Гэхдээ Mercedes-Benz компанийн энэ үйлчилгээг салбарын зарим мэргэжилтнүүд шүүмжлээд эхэлжээ.

“Гар утас, интернэтэд сарын суурь хураамж төлөхдөө хүмүүс дата сүлжээнд холбогдох эрх авдаг. Харин Мерседес хүмүүст нэгэнт зарчихсан, ашгаа олчихсон тоног төхөөрөмжийг идэвхжүүлсний төлөө мөнгө нэхэж байна. Ашгаа улам нэмэгдүүлэхийн тулд суурь хураамж нэвтрүүлж байгаа нь санаа зовоосон чиг хандлага юм. Хүмүүс үүнийг нь эсэргүүцнэ гэдэгт найдаж байна” гэж “Courier” сонины авто салбарын эрхлэгч Жэк Маккоун ярьжээ.

Энэ оны долдугаар сард BMW суудал болон жолооны хүрд халаах үйлчилгээгээ сарын 25 фунт стерлингийн хураамжтай болгож байв.

2021 онд Тоёота компани алсаас асаах үйлчилгээг зарим загварууд дээрээ сарын $8-ын хураамжтай болгож байжээ.

2019 онд Тесла компани Model 3 загварынхаа мөн богино хугацаанд хурдлах боломжийг нэг удаагийн $2,000-ын үнээр зарж байв.

Mercedes-Benz компанийн хураамжтай шинэ үйлчилгээний зар “удахгүй нэвтэрнэ” гэсэн тайлбартайгаар АНУ-ын вэб сайтад нь нийтлэгдсэн ч тодорхой хугацаа зарлаагүй байна.

 

Эх сурвалж: BBC