Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Армени улс ХАБГБ-ын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан нь тус байгууллагыг задрахад хүргэхгүй гэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Армени улсын нийслэл Ереван хотод Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын (ХАБГБ) дээд хэмжээний чуулган болж өндөрлөлөө.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын энэ байгууллагад ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд багтдаг юм.

Пүрэв гарагт чуулганд оролцогсод хамтарсан мэдэгдэл гаргах байсан ч Армени улс гарын үсэг зурахаас татгалзсан тул чадаагүй байна.

Чуулганы нээлтийн үеэр Армены ерөнхий сайд Никол Пашинян тус байгууллага үүргээ гүйцэтгэж, гишүүн орныхоо аюулгүй байдлыг хангахад туслахгүй байгааг хурцаар шүүмжилсэн юм.

Тухайлбал энэ оны эхээр Армени улс хөрш Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслахыг ХАБГБ-аас хүссэн ч бүтээгүй байна.

“Армены эсрэг Азербайжаны үйлдэж буй түрэмгийллийн эсрэг ХАБГБ өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Энэ байдал нь ХАБГБ-ын нэр хүндийг манай улсын дотоодод болон хилийн чанадад ноцтой унагаж байна” гэж Пашинян хэлж байжээ.

Энэ шүүмжлэл нь тус байгууллагын хамгийн том, нөлөө бүхий гишүүн ОХУ-ыг чиглэсэн нь тодорхой байв.

Хамтарсан мэдэгдэлд Армены ерөнхий сайд гарын үсэг зурахаас татгалзсаны дараа Путин үзгээ ширээн дээр шидэж, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко балмагдан сандарч байгааг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тарсан байна.

Үүнээс гадна Армены ерөнхий сайд чуулганд оролцогсод хамтдаа гэрэл зураг авхуулахад ОХУ-ын ерөнхийлөгчөөс зориуд зайтай зогссон нь хэвлэлүүдийн дуранд буужээ.

Чуулган өндөрлөсний дараа Армены ерөнхий сайдтай Путин тусдаа уулзсан тухай Кремль мэдээлж байна.

Пашиняны энэ үйлдэл ХАБГБ-ыг задрахад хүргэх эсэхийг нэг сэтгүүлч өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Үгүй. Баримт бичигт гарын үсэг зураагүй нь зарим санал зөрөлдөөн байснаас болсон. Гэхдээ энэ нь ХАБГБ-ын оршин тогтнолд аюул учруулах зүйл биш” гэж хариулсныг ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider